Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Давхар дээл”-ээс гадна гишүүдийн тоо нэмэх асуудал яригдахад Ш.Адьшаа уурлан хурлаа хаяж гарч, Н.Ганибал ирэхгүй зугтжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Бүтэн 10 сар үргэлжилсэн “давхар дээл”, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шувтаргын раунддаа орлоо. Цэц нэгэнт “давхар дээл”-тэй гишүүдийн тоог хязгаарласан заалтыг үгүй хийсэн тул УИХ тун яаралтай ээлжит бус чуулган зарлаж, Цэцийн тогтоолыг биелүүлэх ажиллагааг хийнэ. Гэвч эх сурвалжуудын мэдээлж буйгаар, эрх баригчдын Цэцээр асуудлаа шийдүүлэх технологи замарсан тул ээлжит бус чуулганаараа “давхар дээл”-ээс гадна гишүүдийн тоог нэмэх асуудлыг хамтад нь ярихаас өөр гарцгүй болжээ.

Эрх баригчдыг одоо хийх “нүүдэл”-ээс урьтаж өнгөрсөн 10 сарын турш “хөшиг”-ний ард “давхар дээл”, ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар чухам яг ямар үйл явц өрнөсөн талаар товчхон “зураглаж” үзүүлье.

НЭГ, Ш.Адьшаа болон Н.Ганибал тэргүүтэй “ЖАН”-гийн хэдийг ЗАСАГТ ОРУУЛНА ГЭЖ ХУЛХИДСАН НЬ...

Гишүүдийг “давхар дээл”-тэй болгож Засгийн газраа хүчтэй, өөрийгөө “бяртай” болгох санаа Л.Оюун-Эрдэнэ нарт аль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л байсан. Гэхдээ ганц “давхар дээл” гэхээс гадна сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх зэргийг хамтад нь хийх ёстой гэдэг байр суурийг Ерөнхий сайд намынхандаа удаа дараа илэрхийлж байсан.

Гэвч 2019 онд өөрчилсөн ҮХНӨ-өө дахин хөндөж, нэмээд зарим зүйлийг нь өөрчилнө гэхээр олон нийт МАН-ыг хүлээж авахааргүй байлаа. Тиймээс эрх баригчид шинэ Засгийн газартаа АН-ыг урьж оруулна гэж хулхидахаар улс төрийн гоо даам нүүсэн байдаг. Үүнийгээ тэд тухайн үед зөвлөхөөрөө авчихсан байсан экс Ерөнхийлөгчийн “хүмүүс”-ээр хийлгэхээр шийдэв. Тэдэнд 3-4 сайд өгнө гэж чихэн дээр нь цэцэг ургуулав. Сайдын суудал сонссон Н.Ганибал, Ш.Адьшаа нар хөнгөн араандаа хийж, ҮХЦ рүү “давхар дээл”-ээ бариад гүйв. Хэрэв санаж байвал О.Цогтгэрэл нар намаасаа хөөгдсөн даруйдаа “Д.Ганбат МАН-тай хэлцэл хийж Засгийн газарт 3 сайд авах тохироог би хийсэн гэж бүлгийн хурал дээр удаа дараа хэлсэн” гэж мэдэгдэж байсан. Товчхондоо, МАН-ын өмнөөс Цэцэд гомдол гаргах “төлбөр”-ийг ЖАН-гийнхан 3-4 сайдын суудлаар тухайн үедээ тохирсон нь энэ байлаа. Эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй энэ тохироог ЖАН-гийнханд бодитой мэт сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь Цэц дээр “байршуулсан” Женкогийн хүмүүс болон тухайн үеийн АН-ын бүлэгт Женко талынхан олуулаа байсан явдал юм.

ХОЁР, “Давхар дээл”-ийг шийдэх Цэцийн хурлыг ГАЦААСАН НЬ...

АН-ын хоёр гишүүнээр “тахил” өргөсөн эрх баригчид баярын уур амьсгал тулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цэцийг хуралдуулах гэсэн ч нам дотор нь “хар муур гүйж”, Ерөнхийлөгчийн институтийн дэмжлэгтэйгээр “давхар дээл”-ийг шийдэх Цэцийн хурал гацав. УИХ-ыг төлөөлөх байсан Н.Энхболд гишүүн ковидын хавьтал болсон гэх учир битүүлэг, марзан яриа тухайн үед гарч байлаа. Харин хэдэн өдрийн дараа хэрэг явдлын учир тайлагдаж ҮХЦ дээрх асуудлуудыг гацаах хүчийг далдаас залуурдсан хүнээр МАН-ынхан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийгоо тодруулж орхисон. Үүнийг мэдсэн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёрын харилцаа ч муудсан түүхтэй. УИХ, ЗГ талаас ҮХЦ-ийн гишүүдтэй ойлголцох ажлыг Л.Мөнхбаатар гишүүн хариуцаж байсан гэдэг.

Харамсалтай нь түүний өөдөөс Ц.Нямдорж “дан дээл”-тэй сайдуудын лобби бүлэг гэгчийг түлхүүрдэж, Ерөнхийлөгч рүү ахмадуудаа “вагон, вагон”-оор нь оруулсан гэх яриа гарав. Ингээд “захиа зөөгч” Л.Мөнхбаатарын хүч хуучин Хууль зүйн яамныхаа хоёр болох Ш.Солонгоо, Г.Баясгалан хоёроос цаашаа гарсангүй. Эсрэг талд нь Цэцийн экс дарга Н.Жанцан тэргүүтэй хуучин бууны хугархайнууд “давхар дээл”, тогтолцооны асуудалд оролцсон гэх яриа ч улс төрийн хүрээнийхэн дунд яригдсан. Дараа нь нэг сонирхолтой үйл явдал өрнөсөн нь Үндсэн хуулийн өдрөөр Цэцийн дарга асан, Гавьяат хуульч Н.Жанцанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөрийн баатар цол хүртээж билээ.

ГУРАВ, Цэц бүтэлгүйтсэн учир ҮХНӨ-ийг хийх гэсэн ч наадам, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь...

Цэцээр шийдүүлэх гэсэн хувилбар нь бүтэхгүй болсон тул эрх баригчид ҮХНӨ-ийг хийхээр өнгөрсөн хавар зориг шулуудав. Нийгмийн сэтгэл зүй, намуудын уур амьсгалыг аятайхан тохируулж аваад яг ажил эхлэх гэтэл наадам таарч, тойргоороо явсан гишүүдийг иргэд “юун давхар дээл, юун гишүүдийн тоо нэмэх. Эхлээд эдийн засгаа авар” гэж нүүр нүдгүй загинаж орхив. Ингээд наадмын дараа ҮХНӨ-ийг шуурхайлах байсан ажил нь нурж, гишүүд олон нийтийн шүүмжлэлээс айсандаа ҮХНӨ-өөс нүүр буруулав.

ДӨРӨВ, Зөвхөн “давхар дээл” шийдэх байсан хурал нь гишүүдийн тоо нэмэх болж замарсанд Ш.Адьшаа уурлаж Цэцийн хурлыг хаяж гарч, Н.Ганибал ирэхгүй зугтав...

Н.Ганибал ҮХЦ-ийн Их суудлын хуралд ирсэнгүй. Ш.Адьшаа хурал хаяж гарахын өмнө...

ҮХНӨ наадмын өмнө улс төрийн хувьд гацаанд орох болсныг мэдэрсэн эрх баригчид бүх ажлаа Цэцээр хийлгэх нь зүйтэй гэдэг дээр эргэлт буцалтгүй тохиров. Тэд эхний ээлжинд Цэцийг хөдөлгөж сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг эцэслэн шийдэв. Улмаар “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг дээр өгүүлсэн тохироо ёсоор ҮХЦ-ээр шийдүүлэн, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Цэцийн тогтоолын хэрэгжилтийг хангах. Ирэх сарын ихээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, гишүүдийг засагтаа оруулахаар төлөвлөөд байв.

Т.Доржханд, Д.Үүрцайх нарын 8.12-нд гаргасан нэмэлт тайлбар, мэдээлэл

Гэвч ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны өмнө Н.Ганибал, Ш.Адьшаа нарын мэдээллийн хажуугаар ХҮН-ын Т.Доржханд, Д.Үүрцайх нар энэ сарын 12-нд хуучин гаргасан мэдээлэл дээрээ нэмэлт тайлбар гаргав. Агуулга нь хэрвээ УИХ-ын гишүүдийг хязгаарлалтгүйгээр засагт орох боломжийг ҮХЦ нээж, өмнөх ҮХНӨ-ийн зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол 76 ба 4 гэдэг харьцааг чухалчилж үзэх. Өөрөөр хэлбэл 76 гишүүнээс дөрөв нь сайд болж байсан юм бол дөрвөөс илүү хүн сайд болсон нөхцөлд 76 гишүүний тоог нэмэгдэх ёстой гэсэн логикийг гаргаж тавьжээ. ҮХЦ ч энэ гомдлыг хүлээн авч АН болон ХҮН-ын гишүүдийн гомдлыг нэгтгэн хэлэлцэж “давхар дээл”-ний хязгаарлалтыг байхгүй болгов.

Цэцэд гомдол гаргах ажлаа сайд авах тохироотой эхлүүлсэн АН-ынхан зөвхөн “давхар дээл” шийдүүлэх гэж байсан хурлыг нь гишүүдийн тоог нэмүүлэх агуулгатай болгож замруулсанд туйлын их бухимджээ. Н.Ганибал нь Их суудлын хуралдаанд оролцсонгүй зугтаж, Ш.Адьшаа нь Цэцийн хурлын үеэр ХҮН-ынхантай муудалцаж хурлаа хаяад гарчээ.

Ингээд өдөржин мэтгэлцсэн Цэц “давхар дээл”-ний хязгаарлалтыг байхгүй болгохоос гадна Т.Доржханд, Д.Үүрцайх нарын гаргасан нэмэлт, тайлбарыг агуулгын хувьд тогтоолдоо тусгаж, гишүүдийн тоог нэмэх нөхцөл байдлыг бүрдүүлжээ.

ТАВ, Гишүүдийн тоог нэмэхээс өөр гарцгүй болж, гацаанд орсон Г.Занданшатар тэргүүтэй УИХ...

Одоо эрх баригчид ацан шалаанд орчихсон. АН-ын хэдийгээ сайд болгоно хулхидаад Цэцэд гомдол өгүүлчихнэ. Үүнийг нь Цэц дээр байгаа төлөөний хүмүүсээрээ шийдүүлээд зөвхөн “давхар дээл”-ийг биежүүлэхээр төлөвлөж байсан эрх баригчдын ажиллагаа гишүүдийн тоог нэмэх болж хувирав. Өөрөөр хэлбэл, ганцхан АН-ын хэдийг хулхидах байсан улс төрийн гоо даамны өрөг өөрчлөгдөв.

Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан хойно МАН-ынхан одоо ҮХЦ-ийн тогтоолыг яг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ. Цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан тогтоол эцсийнх байдаг тул УИХ “давхар дээл”-тэй холбоотой заалтыг засахаас гадна гишүүдийн тоог нэмэх агуулгыг заавал тусгах үүрэгтэй. Харин хэрэгжилтийг нь хэзээнээс тавих, ээлжит бус чуулганы хурлаараа энэ асуудлыг юу гэж томъёолж оруулж ирэх нь сонирхол татаж байна.

Хэрвээ эрх баригчид Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ыг Цэцэд өгөх нөхцөл бүрдэнэ.

Ямар ч байсан ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах л байх. Ардын нам одоо ямар улс төр хийх бол. ХҮН, АН үүнд нь хэрхэн оролцох вэ.

Г.Лхагвадорж

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орно
Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орно
 
Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар ХАЛНА
Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар ХАЛНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.