Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүмбэ: 21 аймагт тамхины иш түүх уралдаан Ерөнхий сайдтай ОГТ ХОЛБООГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

No description available.

"Бөмбөрцөгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" буюу тамхины иш түүж уралдах тэмцээнийг 21 аймагт зохион байгуулахаар болсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэгвэл тухайн тэмцээний зорилго, зохион байгуулалт зэргийн талаар “Бөмбөрцөгийн сүмбэ” ТББ-ын Гүйцэтгэх тэргүүн Ж.Сүмбээс тодрууллаа.

-Тамхины иш түүх уралдаан тэмцээний мэдээлэл цацагдлаа. Олон нийт тухайн тэмцээний зохион байгуулалт тал дээр багагүй санал, шүүмжлэлийг илэрхийлж байна. Та тус тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юу. Зохион байгуулах төлөвлөгөөгөө хэзээнээс гаргаж эхэлсэн бэ?

-Манай “Бөмбөрцөгийн сүмбэ” төрийн бус байгууллага энэ хавраас хойш хог хаягдлын тал дээр тодорхой хэд хэдэн судалгааны ажлыг хийх явцад 14 аймгаар явсан. Олон аймгуудаар судалгаа хийгээд явахад тамхины иш гэдэг зүйл нь жижигхэн мөртлөө аюултай хог хаягдлын нэг мөн юм байна гэж харсан. Тамхины ишинд нэг ширхэг бүү хэл 12 мянган хэт нарийн ширхэгтэй хуванцар агуулагддаг. Энэ нь байгальд задарснаар хүний эрүүл мэндэд аюултай өвчлөлийг бий болгох гол үндэс болж байна. Үүнийг шийдвэрлэхгүй мөртлөө нэг хүнд өвдлөө гээд л хандив, мөнгө цуглуулаад байх нь утгагүй. Алсыг харсан шийдэл эхлүүлье гэж бодсон. Тамхины ишийг түүнэ гэдэг нь алсуураа тухайн тамхи татаж буй хүнд "ойртон очиж" буй асуудал. Би өөрөө хүртэл үлгэрлээд татсан тамхиныхаа ишийг хийдэг савтай үргэлж явдаг.

Энэ уралдаан зарлагдах хүртэл маш их зам туулсан. Маш олон байгууллагын хаалгыг татсан. Тиймээс 21 аймагт энэхүү тэмцээнээ явуулахын тулд төрийн байгууллагын бүтэц байгуулалтыг оролцуулах саналыг тавьсан юм. Ингэхдээ Орчны бохирдлыг бууруулах хорооны ажлын албаны даргад миний саналыг хариуцсан газар нь дамжуулж өгнө үү гэх хүсэлтийг тавьсан. Хэвлэлийн хуралд н.Алтанзул дарга оролцсон учраас төр мөнгийг нь өгч байна, хийх ажилгүй хүмүүс гэх мэтээр шүүмжлэлүүд гарч байна. Энэ бол төрд огт хамаагүй гэдгийг хэлье. Хамгийн гол нь, энэхүү тэмцээн нь хөдөө орон нутаг, бэлчээрээ тамхины ишээс салгаж авъя гэх санааг л агуулж буй юм.

-"Аюулыг авдарлая-1" гэх нэртэйгээр тэмцээн нь зохион байгуулагдаж байгаа юм байна. "Нэг" хэмээн тодотгож байгаагаас харвал цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулна гэж бодож байгаа юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Цаашид ч үргэлжилнэ. Зай, батерейгээс авахуулаад байгальд хортой хог хаягдал маш их байна шүү дээ. Гэхдээ хаягдал гэдгийг бид өөрөөр харах хэрэгтэй. Хаягдал гэж байхгүй. Хүн түүнийг эргээд заавал хэрэглэж болдог. Бүгд л хуванцраас бүтсэн зүйл шүү дээ. Хуванцар хаягдлуудыг савлах, авдарлах шаардлагатай.

-Зохион байгуулалт тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Аймаг бүрт хэдэн ч баг оролцож болох уу?

-Нас, хүйс харгалзахгүйгээр баг болж оролцох юм. Нэг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй байна. Аймаг бүрээс нэг багийг шалгаруулна. Нэг аймагт хэдэн ч баг оролцож болно. Гэхдээ 5-аас дээш баг оролцох ёстой. Ингэхдээ нэг баг нь багадаа 30 сав тамхины иш цуглуулах ёстой гэсэн үг.

-Та бүхний зохион байгуулж буй уг тэмцээнд иргэд олон нийт хэр идэвхтэй оролцоно гэж харж байна вэ?

-Иргэд олон нийтэд зөв талаас нь ойлгуулж, түгээж чадвал идэвхтэй оролцох байх гэж харж байгаа. Энэхүү тэмцээнээр дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалах боломж нь бидэнд өөрсдөд маань байна гэдгийг хүргэмээр байна.

-Хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Тэмцээн маань нэг сарын хугацаанд буюу энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-н хүртэл үргэлжилнэ.

-Оролцох багууд түүсэн тамхины ишээ хаана хураалгах вэ?

-Багууд аймгийнхаа Байгаль орчны газарт хураалгах юм. Төрийн захиргааны байгууллагууд хариуцлагатай учраас тамхины ишийг нэг бүрчлэн тоолж хүлээн авна. Үүнээс нь багуудаа шалгаруулж, урамшуулах юм.

-Тэмцээний хамгийн гол зорилгыг та бүхэн юу гэж тодорхойлж байна?

-Энэ хугацаанд аймаг, орон нутгийн захиргаа, холбогдох албадуудтай болон ард иргэд хүүхэд залуустай ч уулзана. Аливаа бүх зүйлийг хайр гэж харах хэрэгтэй болов уу. Хэн нэгэн ирээд шаардлага тавьбал түүнд бухимдах шаардлагагүй. Шаардлага тавьж буй хүн ч түүндээ туйлбартай, тууштай байх хэрэгтэй. Тамхи татаж буй хүн бүр ишийг нь хийх савтай явах хэрэгтэй л дээ. Ийм л дадал зуршлыг хүн бүрт бий болгохын тулд бидний тэмцээний гол зорилго оршиж байгаа юм. Ядаж л өөрийн гэр бүлийн амьдарч буй орчинд тамхиныхаа ишийг хаядаггүй байх дадалтай болгох нь чухал.

-Түүлгэж хураалгасан тамхины ишийг хэрхэх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байх шиг байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Маш олон төрлийн зүйл хийж болно. Бид мэддэггүй болохоос маш олон зүйлд ашиглах байдлаар дахин боловсруулдаг юм байна. Өмнө хэлсэнчлэн тухайн тамхины ишийг битүү саванд хийж хайлуулахад хуванцраас бүрдэж буй учраас гэрийн дулаалгатай шалыг хийх зорилготой байгаа.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайдын тамхины торгуулийг 50 сая болгох яриа гарсаны дараахан тамхины иш түүх тэмцээний мэдээлэл цацагдлаа. Магадгүй эл тэмцээнийг ч олон нийт Ерөнхий сайдтай холбон харж байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Аргагүй. Ингэж л таарлаа. Би өнгөрсөн хавраас хойш л хөөцөлдөж явсаар өнөөдөр олон нийтэд мэдээллээ хүргэж байгаа маань энэ. Ерөнхий сайдын 50 саяын торгууль гэж ярьсныг сонссон. Ерөнхий сайдын яриаг би өөрийн байр сууринаас харахад, бидний эрүүл мэнд 50 саяас ч үнэтэй зүйл шүү дээ. Тэгэхээр муу юм цаанаа ямар хор уршигтай байх вэ гэдэгт л анхаарч хэлсэн болов уу гэж бодсон. Тамхины иш түүх уралдаан маань Ерөнхий сайдын тамхины торгуулийн яриатай огт холбоогүй гэдгийг хэлмээр байна.

М.Янжиндулам: “HumanZ”  өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан
М.Янжиндулам: “HumanZ” өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.