Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Анхбаяр: Хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөгт хүрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 58 секунд

Төрийн аудитын байгууллагаас Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийсэн. Үүнтэй холбогдуулсан Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын аудитын менежер Н.Анхбаяртай ярилцлаа.

-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүнг товчхон танилцуулбал?

-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгч, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг боловсруулан, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилготойгоор аудитыг хийлээ.

Тус бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан байсан. Мөн олон нийтийн оролцоо хангагдаагүй, зорилтот түвшиндээ хүрээгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулсан хэдий ч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байсан нь аудитаар илэрсэн.

-Аудитаар илэрсэн цаашид анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Аудитаар олон асуудал хөндөгдсөн бөгөөд нэн тэргүүнд санхүүгийн болон төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн төсвийн үр ашиг, үр нөлөөг цаг хугацаанд нь бүрэн тооцож хэвших, дэмжлэгийн мөрөөр гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, хугацаа хэтэрсэн авлагыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөгт хүрсэн байсан.

-Ажлын байрыг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулсан төсөв, хөрөнгийн хувьд чухал шаардлагатай ажлуудад үр дүнтэй зарцуулагдсан эсэхэд аудитаар ямар дүгнэлт өгсөн бол?

-Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн байсан. Жишээ нь, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” нь 2016-2021 онд хэрэгжихдээ нийт 8647 хүнийг хамруулж, 8680 ажлын байр бий болгож 5,315.2 сая төгрөг зарцуулж. Үүнээс 1530 нь байнгын, 7150 нь түр ажлын байр байна. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2016-2020 онд нийтдээ 23,600.1 сая төгрөгийг зарцуулж, хамрагдсан иргэдийг ажлын байраар хангасан дүнтэй байсан.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдээс ажилгүйдлийн түвшин буурсан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ байсан уу?

-Ажилгүйдлийн түвшинг бүсчлэн авч үзэхэд 2016-2021 онд баруун болон зүүн бүсэд бусад бүс нутгаас өндөр байсан. Алслагдсан буюу баруун, зүүн бүсэд ажлын байрны хүрэлцээ, хангамж муу, ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр байна. Мөн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн хэдий ч үр нөлөөг тооцох боломжгүй, бий болсон байнгын ажлын байрны тоо хэмжээ тодорхойгүй байсан.

Энэ нь бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбоотой юм. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын 2020 онд хүрэх шалгуур үзүүлэлтэд ажилгүйдлийн түвшнийг 2020 онд 5.6 хувьд хүргэж бууруулахаар баталсан ч ҮСХ-ноос гаргасан 2016-2021 оны үзүүлэлтэд ажилгүйдлийн түвшин буураагүй, 2021 оны эцсийн байдлаар ажилгүйдэл 8.1 хувьд хүрсэн нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр зарцуулсан хөрөнгийн үр нөлөө гараагүй гэж дүгнэхэд хүргэсэн.

-Хөдөлмөрийн зах зээлийн программ хангамж, цахим системийн ашиглалт, хүртээмж нь ямар түвшинд байгаа вэ? Эдгээр программ ажлын байрны зуучлалд зохих ёсны үүргээ гүйцэтгэсэн байна уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан нэг үндсэн асуудал бол Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан юм. Энэ санд ажиллах хүчний талаарх мэдээ, мэдээлэл, ажлын байрны болон ажил хайгч, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон уг үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдсон бүртгэл, мэдээллийг багтаах ёстой. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, цахим системийн ажиллагаа хэвийн бус байна.

Жишээ нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэдийн мэдээллийг бүртгэдэггүй, программд нэвтрэхэд ачаалал ихтэй, 4-5 удаа нэвтрэх оролдлого хийдэг, гацаж доголдон зарим үед огт ажилладаггүй, мэдээ тайланг зөрүүтэй нэгтгэдэг, Нийгмийн даатгал, улсын бүртгэл, татварын хэлтэс зэрэг бусад төрийн байгууллагын цахим мэдээллийн сантай холбогдоогүй. Мэдээлэл солилцох урсгал байхгүй, иргэн цахимаар бүртгүүлэх боломжгүй, заавал биеэр очих эсхүл утсаар ярьж бүртгүүлдэг зэрэг асуудалтай байсан.

Ажилд зуучлах үйлчилгээг “Хөдөлмөрийн бирж”-ээр дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд 231,628 хүнийг хамруулж 2,031.8 сая төгрөг зарцуулсан хэдий ч хамрагдсан нийт иргэдээс хэдэн хүн ажлын байртай болсон, сургалт, хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, цаашид хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох талаар судалгаа, тооцоо, тайлан мэдээллийг ХНХЯ гаргаагүй тул уг арга хэмжээний бодит үр нөлөөг дүгнэх боломжгүй байсан.

-Аудитаар хөдөлмөр эрхлэлтийн талаар хариуцсан төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн тухайд?

-Аудитын дүн, дүгнэлт, нотлох баримтад үндэслэн салбарын яам, агентлагт зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Салбарын бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулахдаа тооцоо судалгаанд үндэслэх, олон нийтийн оролцоо болон урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдааг хангах, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, дотоод хяналтыг сайжруулах, төсвийн үр ашиг, үр нөлөөг цаг хугацаанд нь бүрэн тооцож байх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар зөвлөмжид тусгасан.

-Шийдвэр гаргах түвшинд хүргэх, эргэж харах, сайжруулах зэрэг асуудал энэ аудитаар гарсан болов уу гэж бодож байна. Ер нь бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нь багцлаад хэлж өгнө үү?

-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлогыг батлахдаа урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдааг хангах, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох шаардлагатай байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг төвлөрүүлэх тал дээр эрх зүйн орчныг сайжруулж, нэгдсэн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

- Ярилцсанд баярлалаа.

Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо
Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.