Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ БӨӨРӨӨ АВАХУУЛСАН ОХИНЫ ЭЭЖ: Сургуулийн захиргаа мөнгө санхүүгээр тусална гэсэн ч мөнгө нэхлээ гээд намайг цагдаагийн байгууллагад өгчихсөн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 33 секунд

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-н сургуулийн гуравдугаар ангийн сурагч өнгөрсөн хавар дотуур байрныхаа шатнаас унаж, түүнээс үүдэн өрөөсөн бөөрөө авхуулсан. Энэ талаар охины ээж мэдээлээд байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт хандсан юм. Тиймээс бид охины биеийн байдал хэр байгаа талаар болон нөхцөл байдал ямар байгаа талаар охины ээж н.Уртнасангаас дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу. Охин нь хэзээ бэртсэн юм бол?

-Өнгөрсөн хавар охин маань дотуур байрныхаа шатнаас унаад бэртсэн юм байна лээ. Гэтэл байрын багш болон ангийн багшаас нь бидэнд огт мэдээлэл өгөөгүй. Хэл дуулгаагүй. Харин эгч нь "дүүгийн бие муу байна. Цусаар шээгээд байна" гэж бидэн рүү ярьсан. Том эгч нь одоо 10 дугаар ангид орох охин бий.

Тэгээд бид охиныхоо дотуур байранд явж очсон. Гэтэл үнэхээр охин маань хөдөлж чадахгүй, цусаар шээж байсан. Тиймээс маш хурдан аймгийн төв орж, эмчилгээ хийж, биднийг Улаанбаатар яв гэсэн. Бид нийслэлд ирээд Эх нялхаст охиноо хагалгаанд оруулж, нэг бөөрийг нь авхуулсан.

-Яагаад бөөрийг нь авхуулсан юм бол?

-Охин унахдаа шатанд бөөрөө цохисон байсан. Түүнээс үүдээд охины маань нэг талын бөөр бяцарсан. Тиймээс бөөрийг нь авахуулахаас өөр аргагүйд хүрсэн.

-Охины биеийн байдал одоо ямар байна?

-Охины биеийн байдал сайнгүй байна. Шээс алддаг, шээс нь дусагнадаг, орондоо шээх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Байнга эмчийн хяналтад байх ёстой гэсэн. Бид жирийн малчин айл болохоор байнга хот орж эмчилгээ хийлгэх нь мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.

-Хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Хуулийн байгууллагаас эзэн холбогдогчгүй, гадны нөлөөгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа. Сургууль болон байр нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадаагүйгээс үүдэн хүүхэд бэртэж гэмтсэн. Гэтэл байрын багшийг 300 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Багшид өөр ямар нэг хариуцлага тооцоогүй.

Түүнээс гадна сургуулийн захиргаанаас манайд тусалж дэмжинэ гэж хэлсэн ч 100 мянган төгрөг өгөөд л өнгөрсөн. Ахиад мөнгө гуйсан боловч мөнгө нэхлээ, шантаачиллаа гээд цагдаад намайг өгчихсөн.

Бид жирийн л нэг малчин айл. Үнэнийг хэлэхэд саалийн хэдхэн үнээтэй. Тийм ч эдийн засгийн хувьд боломжтой өрх биш. Тиймээс сургуулийн захиралд хандахаас өөр арга байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрчихээд байж байна.

-Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байгаа юм уу?

-Тийм. Цагдаагийн байгууллагаар шалгагдаад, дуудагдаад байгаа нь үнэхээр хэцүү байна. Одоо бүр арга мухардаад, яахаа ч мэдэхгүй хүнд байдалд орчихоод байна.Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа юм.

Охин маань нэг бөөртэй амьд үлдэх эсэх нь ч тодорхойгүй байхад цагдаагийн байгууллагаар шалгуулаад яваад байх нь маш хэцүү байна. Бид жирийн

-Хамгийн сүүлд хэзээ эмчилгээнд орсон юм бол?

-Хамгийн сүүлд сая энэ сарын 01-ний өдөр Улаанбаатар руу очиж эмчилгээнд орсон. Одоо хэзээ очихоо сайн мэдэхгүй байна. Охиныг маань даарч хөрж болохгүй, хүнд зүйл өргөж болохгүй, өрөөсөн бөөрөө сайн гамнаарай гэсэн. Тиймээс үлдсэн ганц бөөрийг нь хэвийн ажиллаад эрүүл саруул болоод яваасай л гэж хүсч байна. Бүтэн таван жилийн хугацаанд эмчилгээнд байгаарай гэсэн.

Мөн одоо энэ сарын 16-ний өдөр хүүхдийн асаргааны хуралаар орох гээд бичиг баримтаа бүрдүүлээд явж байна.

-Одоо цаашдаа ямар шийдэлд хүрээсэй гэж хүсч байна?

-Сургуулийн захиргаанаас л охины маань эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлээд, охинд маань болон бидэнд туслаасай гэж хүсч байна.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ шүү дээ. Охиноо сургуульд нь явуулах уу?

-Мэдээж явуулалгүй яахав. Охиныхоо ирээдүйд анхаарах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ дотуур байранд байлгахгүй, өөрсдөө төв рүү орж охиноо асарч, харж, хандах талаар ярилцаж байгаа. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Том гурав нь сургуульд сурдаг.

Тэгэхээр бид төв рүү орж амьдарна гэхээр нөхөр маань ганцаараа мал дээрээ хэцүүдэх байх л гэж бодож сууна даа. Энэ мэт асуудал маш их байна. Гэхдээ охины маань эрүүл мэнд хамгаас чухал болохоор чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэнэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.