Нуруу өвдөх нь үрэвсэл, гэмтэл, буруу хөдөлгөөн, буруу байршил гэх мэт олон хүчин зүйлсээс болдог. Ажил мэргэжлээс шалтгаалсан нурууны өвчлөл иргэдийн 60 хувь орчимд нь тохиолддог. Тухайлбал, хүнд ачаа өргөх, удаан суух, зогсох, доргионтой болон чичиргээтэй нөхцөл, хэт халуун, хүйтэн орчинд ажиллах, хэт өндөр нам даралттай нөхцөлд ажиллах нь дээрх өвчлөлийг бий болгодог байна.
Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь амьдралынхаа явцад нуруу өвдөж байсан гэсэн өгүүлэмжтэй байдаг гэх судалгаа байдаг аж.
Тиймээс та бүхэнд нурууны өвчлөлийн шинж тэмдэг, эмчилгээ болон мэргэжлийн эмчийн ярилцлагыг хүргэж байна.
"14-18 насны хүүхдүүд дунд нурууны мурийлт их үүсэж байна"
"Алтан мутар" эмнэлгийн уламжлалтын их эмч Н.Наранбаяраас нурууны эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргын талаар цөөн зүйлийг тодрууллаа.
-Танай эмнэлэгт ирж буй үйлчлүүлэгчид ихэвчлэн хэдэн насны, ямар зовуурьтай иргэд ирж байна вэ?
-Манай эмнэлэгт суугаа ажил, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан нурууны суулттай хүмүүс, нурууны эвэрхийтэй хүмүүс их ирж байна. Иргэд ирэхдээ нуруу өвдөж, дараа нь хөл их өвддөг боллоо гэх өгүүлэмжтэй ирдэг.
Нуруунаас гарч байгаа мэдрэлийн өвчин нь удахаараа хөл рүү дамжиж өвддөг. Насны хувьд ихэвчлэн 30-50 насны иргэд ирэх болсон. Мөн дээрээс 14-18 насны хүүхдүүдэд нурууны мурийлт их үүсэж байна. Нурууны мурийлт нь хэрхэн илрэх вэ гэхээр мөр нь доор дээр байрлалтай болсноор илэрдэг өвчлөл юм.
-Нурууны мурийлт болон бүсэлхий, ууцны хэсгийн дарагдлын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Мэдээж дасгал хөдөлгөөнтэй байх нь чухал. Удаан хугацаанд суух, алхах, хүнд юм өргөж нуруундаа ачаалал өгдөгөөс шалтгаалж өвчлөлийн үндэс тавигддаг. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд дэлгэцийн өмнө их суудаг болсон. Мөн амьдралын зөв хэв маягтай болох шаардлагатай. Нурууны мурийлт үүсэх үед эхлээд аарцаг далийж өндөр, нам болдог. Мөн хоёр хөл урт богино болсон мэдрэмж төрнө. Энэ нь үнэндээ аарцаг нь гажиж эхэлсэн гэсэн үг. Ингэснээр өрөөсөн гутал нь амархан элэгдэж эхлэх, нэг хөлөө нөгөө дээрээ тавиад суухаар их тухтай, харин зүгээр суух үед төвөгтэй мэдрэмж төрөх гэх мэт олон шинж тэмдгээр ажиглагдана. Тиймээс эхлээд мөрөө тэгш байгаа үгүйг шалгах хэрэгтэй.
Энэхүү өвчлөлийн гурван үе шатаар авч үзнэ.
1-р үе шат: Аарцаг гажиж, мөр далийх
2-р үе шат: Аарцаг гажиснаар нурууны мурийлт үүсэж эхэлнэ.
3-р үе шат: Мурийлт үүссэн нуруун дээр нугалмууд нь дарагдаж нурууны суулт үүснэ. Энэ нь хүндэрсэн тохиолдолд мэс засалд орох шаардлагатай болдог. Тийм учраас аарцаг гажиж эхлэх үед л хүмүүс анхаарлаа хандуулж эхлэх ёстой" хэмээлээ.
Бүсэлхий, ууцны хэсгийн өвдөлтийн шинж тэмдэг
Бүсэлхий ууцны хэсгийн "дарагдлын" үед илрэх шинж тэмдэг
Хүзүү, сээрний язгуурын өвдөлтийн шинж тэмдэг
Хүзүү , сээрний язгуурын "дарагдлын" хам шинж
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Дээрх өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Үйлдвэрийн техникийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх
- Дахин давтагдах хөдөлгөөнийг аль болох багасгах /механикжуулах, багаж тоног төхөөрөмжийг өөрчлөх, ажлын байрыг сэлгэж ажиллуулах, ажлын байрыг өргөтгөх, багаар ажиллуулах/
- Ажилд анх авахад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, жилд нэг удаа мэдрэл, мэс заслын эмчийн үзлэгт хамруулах.
- Ажилчид ажил, амралтын дэглэмийг сахих, ажлын дундуур завсарлаж гимнастик хийх, өөртөө иллэг хийх
- Ажиллагсдын биеийн эсэргүүцлийг сайжруулах, витаминжуулах, сувилалд амруулах
- Биеийн жин нэмэгдүүлэхгүй байх
Хөдөлмөр зохицуулалт
- 1-2 сарын эмнэлгийн хуудсаар эмнэлэг сувиллын эмчилгээ хийх болон түр хугацаагаар ажлын нөхцөлийг солино.
Нурууны өвчин хүндэрсэн буюу хөдөлгөөн эрс хязгаарлагдсан үед ажлын нөхцөлийг бүрмөсөн сольж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооно.
Байнгын хүч шаардсан, түргэн эрчимтэй, нэг хэвийн давтагдсан хөдөлгөөнтэй ажлын нөхцөл нь биеийн байрлал, тааламжгүй цаг уур, доргионы нөлөөлөлтэй хавсран нурууны нугаламын өөрчлөлтийн улмаас нуруу, бүсэлхийнд үүсэх өвчлөлийг мэргэжлээс шалтгаалсан нуруу бүсэлхийн ёзоорын архаг эмгэг гэнэ. Нийт хүн амын 50-80 хувь нь амьдралынхаа явцад нуруу өвдөж байсан гэсэн өгүүлэмжтэй байдаг тул иргэд дасгал, хөдөлгөөнийг байнгын хэвшмэл зүйл болгох нь хамгийн энгийн зөв арга юм.