Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд шинэ зүйлчлэл оруулна гэх Ерөнхий сайдын мэдэгдэл БИЕЛЛЭЭ ОЛОХ УУ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
14 минут 24 секунд
UBN.MN

Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Ингэхдээ Монгол Улсын эдийн засагт хор хохирол учруулсан ч түүнд нь хэн ч хариуцлага хүлээдэггүй байдлыг Эрүүгийн хуульд шинэ зүйлчлэл оруулах байдлаар ЭЦЭСЛЭЖ, хариуцлага нэхнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд амжсан. Харин эл зүйлчлэлээр шалгагдах хүмүүсээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг зогсоосон Засаг дарга болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэрс яригдаж эхэлсэн.

Тэгвэл нэг хүнд аль эсвэл нэг хэргийг шийдвэрлүүлэхийн тулд түүнд зориулж хуульд шинээр зүйл заалт оруулах тал дээр хуульчид ямар байр суурийг илэрхийлэв.

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН: Улс төрийн золиос болгох хүмүүст ял өгөх төлөвлөгөөнийхөө суурь бэлтгэл болгож ийм асуудал яриад байна уу гэх хардалт төрж байна

-Эдийн засгийн хүчин чадал гэдгээр авч яривал, гэмт хэрэг хэмээн үзэхийн тулд тухайн үйлдэл нь Монгол Улсын эдийн засгийг сулруулах зорилго агуулсан байх ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн хүчин чадлыг сулруулахдаа тодорхой барилга байгууламж, холбооны хэрэгсэл, мэдээллийн сан, архив, хүмүүсийн амьдралыг хангаж буй объектыг сүйтгэх үйл ажиллагааг явуулах, түүнийг доголдуулах гэх агуулгаар одоогийн Эрүүгийн хуульд тусгагдсан байдаг. Тэгэхээр энд тодорхой объектыг ярих шаардлага үүснэ. Харин тухайн объект нь ирээдүй цагт баригдах бус одоо цаг дээр яригдахуйц тодорхой объект байх хэрэгтэй. Объектыг сүйтгэж, гэмтээснээр Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал суларч байгаа тохиолдолд хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзнэ.

Хорлон сүйтгэх гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ялтай буюу хүнд хэлбэрийн гэмт хэргүүдийн нэг. Гэтэл эл зүйчлэлийг мушгин тайлбарлаж, М.Энхсайханд хорлон сүйтгэх гэмт хэргийн зүйчлэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү явуулж байсан тохиолдол байдаг. Тухайн үед хорлон сүйтгэх гэх зүйчлэлээр ял аваагүй. Гэхдээ прокурорын байгууллагаас эл зүйчлэлээр яллах дүгнэлт үйлдэж байсан.

Тэгэхээр тухайн үед М.Энхсайханыг төлөвлөж байснаараа яллаж чадаагүй учраас одоо хуульд шинэ зүйчлэл болгон оруулж ирж байхыг үгүйсгэхгүй.

Алдагдсан боломжийг нөхөн төлүүлэх тухайн ЮУ ЯРИВ?

-Алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдэг нь хийсвэр зүйл мэт л санагдаж байгаа. Бодитой биш. Хуульд амьдралд бодитойгоор хэрэгжих боломжтой зохицуулалтуудыг агуулсан байх ёстой. Түүнээс биш хэрэгжих боломжгүй, хийсвэр зүйлийг агуулах нь утгагүй.

Нэгдүгээрт, алдагдсан боломжийн өртгийг хэрхэн тодорхойлох юм. Эрүүгийн хууль нь бодит учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлөх зохицуулалттай. Гэтэл тэрхүү алдагдсан боломжийн өртгийг хэрхэн тооцох юм. Тооцлоо гэхэд асар их хэмжээний дүн болно шүү дээ.

Тухайлбал, тавдугаар цахилгаан түгээх станцын хувьд л гэхэд миний санаж буйгаар, 27 жилийн турш ярьж ирлээ. Биелсэнгүй, хэрэгжсэнгүй. Үе үеийн сайд, Засгийн газар дамжсан ч өнөөдөр баригдаагүй л байна. 27 жилийн хугацаанд учирсан хохирлыг яаж тооцох юм. Асар их мөнгө гарч ирнэ. Үүний хохирлыг үе үеийн Засгийн газар, сайдууд нь нөхөн төлөх юм уу. Үүнээс үзэхэд, хохирлоо төл аль эвсэл шорондоо ор гэдэг л сонголт үйлчлэх гээд байна шүү дээ. Аль эсвэл нийтэд зориулсан биш нэг хүнд зориулсан хууль болгох гээд байгаа юм уу. Нэг хүнд зориулсан хууль гэж байх ёсгүй. Тодорхой жишээ дурдаж түүгээрээ хуулийн зохицуулалт оруулна хэмээн ярьж байгаа бол тодорхой хүмүүсийг улс төрийн зорилгоор хариуцлага хүлээлгэх аль эсвэл попорч нийгмээс эерэг хандлага авах гээд байна хэмээн харж байна.

Сүүлийн хэдэн жил улс төрийн хэлмэгдүүлэлт явлаа. Энэ мэтээр дараагийн улс төрийн золиос болох хүмүүст ял өгөх төлөвлөгөөнийхөө суурь бэлтгэл болгож ийм асуудал яриад байна уу гэх хардалтууд төрж байна. Хууль нь өөрөө бодит байдал дээр хэрэгжих боломж байгаа юу гэдэгт эргэлзэж байна.

Монгол Улс 1992 оноос хойш 30 жилийн турш хүний эрхийг дээдэлнэ, ардчиллыг хөгжүүлнэ гэж ярьж ирлээ. Гэтэл өнөөдрийг хүртэл томоохон төслүүдийн алдагдсан боломжийг байтугай хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн төлөх вэ гэдэг асуудлаа шийдвэрлэж чадалгүй ирсэн шүү дээ.

-Хуулийг буцаан хэрэглэх тухайд ЮУ ЯРИВ?

-Эрүүгийн хууль ганцхан тохиолдолд буцаж үйлчилнэ. Энэ нь, хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд гэсэн үг. Гэмт хэрэг үйлдэгдэж байхад өндөр ялтай байсан хэрэг шинэ хуулиар бага ялтай болчихвол түүгээрээ явна.

Яг энэ зарчмаар бол эрүүгийн хуульд шинээр зүйл заалт болгон оруулсан ч хууль батлагдсан үеэс хойш хүмүүст л хамаатай. Тэрнээс өмнөх хүмүүсийн үйлдэлд нөхөн ял өгч, хохирол барагдуулахгүй. Ардчилсан эрх зүйт төртэй аль ч улсад ийм л байдаг. Хэрвээ манай улс энэ зарчмыг зөрчиж, нөхөж шалгавал эрх зүйт төртэй гэж ярих ч шаардлагагүй.

Цаашлаад хүний эрхийг зөрчигч улс болж олон улсын хүний эрхийн байгууллага, бусад улсаас шүүмжлэл авна, хоригт орно.

ХУУЛЬЧ Б.ТҮВШИНТӨГС: Эрүүгийн хуульд шинээр зүйлчлэл оруулна гэдэг нь Ерөнхий сайд яриад л болчихдог зүйл биш

Тухайн яригдаж буй зүйлчлэлийг хуульд нэмэлтээр оруулах ёстой эсэхийг ярих шаардлага үүснэ. Ерөнхий сайд яриад л болчихдог зүйл биш шүү дээ. Практикт энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа юу гэх мэтээр судалгаа хийгдэх ёстой. Эрдэмтэн судлаачдын баг ажиллах ёстой. Тэгж байж хуулийн төсөл өргөн барих шат дамжлагаар явах ёстой. Ямар нэгэн албан тушаалтан хуульд тусгана гэдэг байдлаар өрнөх процесс биш.

Хоёрдугаарт, стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг гацаасан хүнийг энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж байгаа юм. Тэгвэл төсөл хөтөлбөрийг зогсоосон хүн бүрийг гэмт хэрэгт хамаатуулж үзэх нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гэх ойлголтоос ангид юм яриад байгаа юм. Төсөл хөтөлбөр маш олон шалтгаанаар зогсож болно шүү дээ. Тэр бүрийг гэмт хэрэг гэж үзэх үү гэдгийг ч ярих болно.

-Алдагдсан боломжийг нөхөн төлүүлэх ТУХАЙД?

-Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Тэгвэл төр өөрөө өөртөө учирсан хохирлыг хариуцах уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Санаатай аль эсвэл болгоомжгүй байдлаар гаргасан шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан бол буруутай албан тушаалтнаар төлүүлэх систем нь буруу тогтолцоо биш.

Өнөөгийн нөхцөлд МАН олонх байгаа. Энэ үед Ерөнхий сайд шууд л ийм байдлаар хуульд тусгана, батална гэж буй нь "Бид олуулаа учраас батлуулж чадна шүү" гэх улс төрийн шинж чанартай мэт харагдаж байна.

ХУУЛЬЧ Б.ЭРХЭМБАЯР: Хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчин байж хүнийг яллах гэж байгаа бол эрх зүйт төрд үл нийцэх мэдэгдэл гэж харж болно

Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд үндсэн хоёр агуулга харагдаж байна. Нэгдүгээрт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид төрийн эсрэг гэмт хэрэг гэх зүйл байдаг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг бүлэг гэмт хэрэг гэсэн үг. Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулах, доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл бусад эд хөрөнгийг гэмтээх, шатаах, хорлон сүйтгэх үйл ажиллагааг хуульчилсан байдаг. 2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн тусгай ангид мөн ялгаагүй энэ агуулгаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйл анги аль эсвэл тагнуулын байгууллагатай хамтран энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх байдлаар хэрэг үүсгэн шалгах боломжтой.

-Хуулийг буцаан хэрэглэх ТУХАЙД?

-Эрүүгийн хуульд хуулийг буцаан хэрэглэхгүй байх гэх зарчим бий. Нэгэнт гэмт хэрэгт тооцохгүй болсон, ялыг нь хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол хуулийг буцааж хэрэглэдэг.

Шинээр хэрэгт тооцсон, оногдуулах ялыг нь хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан бол тухайн хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэсэн үндсэн ойлголт байна. Гэтэл үүнийг зөрчиж, даван гарч шинээр зүйл заалт хүнийг яллах гэж байгаа бол энэ нь эрх зүйт төрд үл нийцэх мэдэгдэл үйл ажиллагаа болж байна гэж харах хэрэгтэй.

Тухайн заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирвэл хуульчид тус ангийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандана, цэцэд ханддаггүй юмаа гэхэд прокурорын байгууллага шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болох магадлалтай. Өөрөөр хэлбэл, нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэг аль эсвэл ямар нэгэн үйлдлийг араас нь хөөж, хуульчилж байгаад яллах гэж байгаа нь эрх зүйт төрөөс гажууд үйлдэл гэж харагдаж байгаа юм.

-Алдагдсан боломжийг нөхөн төлүүлэх ТУХАЙД?

-Хохирол гэдэг зүйл нь бодитойгоор учирсан, түүнийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоосныг хэлнэ. Хор уршиг гэдэгт хохирол учирсантай холбоотойгоор үр дагаварт нь үүсэж буй зүйлийг хамаатуулан үзнэ. Шүүхийн практикт алдагдсан боломжийг нөхөн тооцож гаргах ямар ч боломж байхгүй.

Тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтоох зарим төрлийн зүйл заалтууд нь Эрүүгийн тухай хуульд байна. Гэтэл тэдгээр зүйл заалтаар шалгаагүй байж өөрт нь тааруулж зүйлчлэл нэмэх, буцаан хэрэглэх гэх зарчмыг зөрчин байж тухайн хүнээс алдагдсан боломжийн өртгийг нөхөн төлүүлэх гэж байгаа бол зүгээр л хийрхэл төдий зүйл гэж харж болно.

ХУУЛЬЧ Б.ХОНГОРЗУЛ: Ерөнхий сайдын ярьж буй зүйлчлэл нь зайлшгүй шаардлага мөн байвал нэмэлт өөрчлөлт байдлаар оруулахыг үгүйсгэхгүй

-Хууль тогтоомжид ямар тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулдаг вэ гэх асуудлыг юун түрүүнд ярих нь зөв. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлээр тухайн жилд батлуулах хуулийн жагсаалтыг гаргадаг. Үндсэн чиглэлд тусгадаг гэсэн үг. Үүнээс гадна гэнэтийн тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Хууль тогтоомжоор зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж үзвэл Засгийн газар төслөө санаачлаад УИХ-д өргөн барих боломжтой. Гэхдээ зайлшгүй шаардлагыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг чухал.

Хуулийн төслийг боловсруулах үе шатууд бий. Нэгдүгээрт, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах буюу хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх асуудал. Тэгэхээр тухайн Эрүүгийн хуулийн зүйл заалтыг үйлдлийг Эрүүгийн гэмт хэрэг болгох тухай ярьж байна шүү дээ. Тэгэхээр эрүүгийн гэмт хэрэг мөн эсэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдал шалтгаан нөхцөл зэрэг олон зүйлийг судлах шаардлага үүснэ. Тухайн хуулийн төслийг санаачлах зайлшгүй шаардлага байж болно.

Ерөнхий сайдын ярьж буй тохиолдол нь зайлшгүй шаардлага мөн байвал нэмэлт өөрчлөлт байдлаар оруулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн зүйл заалт нь Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын хууль тогтоомж болон бусад хуультай нийцсэн байх зайлшгүй шаардлагатай.

Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан, бороо орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.