Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч М.Хандармаа: Данс болон банкны картаа бусдад ашиглуулснаа баталж чадахгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээдэг

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
12 минут 54 секунд

Бид хүссэн ч хуулиас хөндий байх боломжгүй. Бидний алхаж яваа, хийж байгаа үйлдлүүд бүгд хуулийн хүрээнд зохицуулагддаг. Магадгүй хуулийн хүрээнд ямар нэгэн асуудал тулгарвал хамгийн эхэнд лам, бөөд хандан хийсвэр байдлаар асуудлаа шийдүүлэхээр хичээдэг нь нууц биш. Гэтэл иргэд анхан шатны хуулийн мэдлэггүйгээс болоод бие сэтгэл цаашлаад эд хөрөнгөөрөө ч хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

Үүний тод жишээ бол яах аргагүй залилангийн гэмт хэрэг болон зээлийн гэрээтэй холбоотой асуудлууд юм. Иймд бид "Хуулийн мэдлэгтэй болцгооё" пэйжийн админ, өмгөөлөгч М.Хандармаатай дээрх асуудлуудын талаар ярилцлаа.

-Хүмүүст хуулийн мэдлэг боловсрол ямар ач холбогдолтой вэ. Энэ талаар хамгийн түрүүнд ярилцах ёстой байх?

-Хүн гэрээсээ гараад алхах, худалдан авалт хийх зэргээс эхлээд бүхий л асуудал хуулиар зохицуулагддаг. Гэтэл хүмүүс хуулийн мэдлэггүйгээсээ болоод өөрсдийн эрх ашгийг болон бусдын эрх ашгийг хохироох тохиолдол цөөнгүй бий. Цаашлаад гэмт хэрэгт холбогддог, гэмт хэргийн хохирогч болдог. Үүнээс сэргийлэхийн тулд хүмүүс алхам тутамдаа хуулийн мэдлэгийг олж авч байх хэрэгтэй.

-Иргэд хуулийн мэдлэггүйгээсээ үүдэн ямар гэмт хэрэгт ихэвчлэн холбогдож байна?

-Хамгийн их эрх ашиг нь хөндөгддөг тохиолдол бол залилангийн гэмт хэрэг. Ялангуяа цахим залилангийн хохирогч болдог. Цахим залилан бол хүний бүх хэрэгцээнд тулгуурласан байдаг. Жишээлбэл, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулж өгнө, гадагшаа визэнд гаргаж, ажилд зуучилна гэх мэтчилэн хүний хэрэгцээнд тулгуурласан залилан үйлдэгддэг.

Энэ нь иргэд хууль мэддэггүйгээсээ мөн дүрэм журам мөрддөггүйтэй ихээхэн хамааралтай.

-Тэгэхээр хамгийн эхэнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Бүх зүйл өөрийн гэсэн дүрэм журамтай. Хүүхэд сургууль, цэцэрлэгт ороход ямар дүрэм журамтай байдаг, визэнд ороход ямар дүрэм баримтлах шаардлагатай яг тэр журмыг дагах хэрэгтэй. Гэтэл амар хялбар аргаар асуудлаа шийдэх гэж байгаад хэн нэгэнд мөнгөө залилуулах, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирох тохиолдол гардаг. Иймд иргэд нөхцөл байдлаа сайтар тунгааж, тулгамдсан асуудлыхаа талаар судлах шаардлагатай.

-Иргэд хуулийн зөвлөгөө авах суурь ухагдахуун бага байдаг гэж та лайван дээрээ дурьдаж байсан шүү дээ. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай Монголчууд маш их шүтлэгтэй хүмүүс. Тиймдээ ч ямар нэгэн асуудал тулгарахад ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг бодохгүйгээр хамгийн түрүүнд лам, бөөд ханддаг.

Жишээ нь залилангийн гэмт хэргийн хохирогч болсон бол хуулийн дагуу арга хэмжээ авхуулах ёстой байтал шашны байгууллагаас туслалцаа авдаг гэсэн үг. Энэ нь цаашлаад цаг хугацаа алдах, мөн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах ч нөхцлийг бүрдүүлдэг. Гэтэл үнэндээ лам, бөө нар хилийн хориг тавихгүй, шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй шүү дээ. Хүмүүс ер нь аливаа асуудлыг хуулийн дагуу яаж шийдвэрлэх вэ гэсэн гарц гаргалгааг нь цаг алдалгүй мэдэж авбал, өөрийн эрх ашгаа төдий чинээ хурдан сэргээх боломжтой.

-Цахим гэмт хэрэгт өртсөн, хохирогч болсон иргэд хэрхэн хохирлоо барагдуулдаг юм бол?

-Цахим гэмт хэрэг бол янз янзын байдлаар илэрдэг. Тухайлбал, Монгол Улсын иргэнд, тэр дундаа Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүнд залилуулсан бол тухайн хүнийг цагдаад өгч, гомдол гаргаж цаашлаад дансны хуулга шүүлгээд олох боломжтой.

Гэтэл ихэвчлэн гадны иргэнд залилуулсан тохиолдол гараад байдаг л даа. Ийм тохиолдолд хохирлоо барагдуулах боломж маш бага. Хаана, хаашаа, хэнд шилжүүлж байгаа нь тодорхойгүй учир олдох боломж хомс.

Хандалт ихтэй пост, мэдээний дор гадагшаа найдвартай гаргана, их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлдүүлнэ гэх мэтчилэн зар явж байдаг, үүнд иргэд маш их итгэж, залилуулаад байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүс цахим мөрийтэй тоглоом их тоглох болсон. Үүнээс болоод эд хөрөнгөөрөө алдах тохиолдол ч цөөнгүй бий. Яг ийм кейс дээр хохирогч хэрхэн хохирлоо барагдуулах боломжтой вэ?

-Цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа иргэд мөнгөө гадны сайт руу шилжүүлдэг юм байна лээ. Тиймээс ямар нэг байдлаар хохирсон иргэд мөнгөө олж авах боломжгүй.

-Саяхан цахим орчинд нэгэн иргэн 4-5 хүн залилаад, залилсан мөнгөөрөө визэнд орж, гадаад явсан гэх мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Мэдээж хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлнэ.
Ингээд эрэн сурвалжлах тогтоол, шийдвэр гарсан бол хэрэгт холбогдогч иргэний мэдээлэл мэдээллийн санд орчихдог. Тиймээс тухайн иргэн хэзээ нэгэн цагт Монгол руу ирэх юм бол баригдах бүрэн боломжтой гэсэн үг.

-Залилангийн хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Шүүх, цагдаагийн байгууллагаас хамгийн эхэнд хохирлыг төлүүлэх арга хэмжээ авдаг. Гэхдээ залилан хийсэн этгээд нь нэр дээрээ эд хөрөнгөгүй, тодорхой орлогогүй байвал хохирлыг барагдуулахад тун хэцүү.

Гэхдээ шүүхээс ял шийтгэл оногдуулна. Ингэхдээ хохиролын дүнгээс хамаардаг. Тухайлбал, 2-8 жил хорих уу эсвэл түүнээс дээш жил байх уу гэдгийг шүүх шиидэж ял оногдуулна. Мөн зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг.

-Залилан хийж байгаа хүмүүсийн хувьд хуулийн мэдлэггүй мөн залилан хийсэн тохиолдолд ямар ял шийтгэл оноодог талаар төдийлөн мэддэггүй юм болов уу?

-Үгүй. Залилан хийж байгаа хүмүүс бол хуулийг нь сайтар судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, залилангийн гэмт хэрэг нь дээр дурьдсанчлан маш хөнгөн ял шийтгэлтэй учир залилах гэмт хэрэг үйлдээд байгаа гэж би харж байгаа.

Энэ нь хорьж цагддаг гэмт хэрэг биш. Гэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа давтан залилан үйлдээд байвал хорьдог.

-Залилагчид энгийн иргэний данс, карт зэргийг ашиглан хэрэг үйлдэх нь их болсон шүү дээ. Тухайн иргэн өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд дансаа ашиглуулснаас үүдэн яллагдагчаар татагдах тохиолдол ч бий. Энэ тохиолдол тухайн иргэнд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Яг энэ тохиолдолд тухайн иргэн картаа өөр хүнд ашиглуулснаа нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Яагаад тэр хүнийг гэмт хэрэгт яллагдагчаар татаад байна вэ гэхээр уг хүн өөрөө картыг ашиглаагүй гэдгээ нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй, батлах боломжгүй учраас яллагдагчаар татаад байгаа юм. Хэдий би өөрөө ашиглаагүй, өөр хүнд ашиглуулсан гэсэн ч үүнийг зарим тохиолдолд тогтоох боломжгүй байдаг. Тиймээс иргэд өөрийхөө дансыг хэн нэгэнд өгч, ашиглуулж болохгүй. Энэ төрлийн асуудал одоо ч шүүх дээр хэлэлцэгдээд явж байгаа.

-Зээлийн гэрээний тухай асуудлын талаар ярилцъя. Аль тарлийн зээлийн гэрээн дээр маргаан их үүсдэг вэ?

-Зээлийн гэрээний тухай асуудал бол маш том сэдэв. Уг зээл нь Банкны зээлийн гэрээ, Банк бусын зээлийн гэрээ, Иргэд хоорондых гээд дотроо хуваагддаг. Хамгийн их хүмүүсийн маргаан үүсгэдэг зээл бол Банк Бус Санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ мөн Иргэд хоорондын хийсэн зээлийн гэрээ.

Банк бус санхүүгийн байгууллагуудтай хийсэн зээлийн гэрээний хувьд, зээлийн хугацаа нь аль хэдийн дууссан ч хүү бодогдоод явж байдаг. Хэрэв зээлээ төлөхгүй байвал шүү дээ.
Гэтэл байгуулсан зээлийн гэрээ болон хуулин дээр нь "төлөх хүртэлх хугацааны хүү тооцно" гэж заасан байдаг. Үүнийг төдийлөн анзаараагүй мөн гэрээтэй сайтар танилцаагүйгээс ихээхэн шалтгаалдаг юм.

Иргэд хоорондын зээлийн гэрээний хувьд зээлдэгчид гэрээ байгуулсан иргэний хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан гэрээнд заасан мөнгөн дүнгээсээ давуулж төлбөр тооцох, түүн дээр нэмээд алданги тооцох гэх мэтчилэн мөнгө хүүлэгч нарын аргыг хэрэглэдэг.

Иймд хууль мэддэггүйгээсээ үүдээд сэтгэл зүйн дарамтад ордог, цаашлаад бие мах бодийн хувьд ч хохирох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй. Би юун дээр анхаарах хэрэгтэй вэ, аль нь хуулийн дагуу вэ гэдгийг ойлгох нь чухал.

-Зээлийн төлөлт хийхгүй удсаны үр дүнд шүүхэд дуудагдах тохиолдол цөөнгүй бий. Энэ тал дээр уншигчдад маань мэдээлэл өгвөл?

-Зээлдүүлэгч тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд шүүхэд ханддаг. Энэ тохиолдолд хүмүүс шүүх дээр очоод яадаг вэ гэхээр шүүхийн үйл ажиллагаанаас айж, эмээдэг эсхүл хэдэн төгрөг нэхэмжилснийг нь харалгүйгээр шууд хүлээн зөвшөөрчихдөг. Ямар нэг тооцоололгүйгээр. Гэтэл хүлээн зөвшөөрсөн мөнгөн дүнгийн хэмжээгээр шүүгчийн захирамж гардаг.

Захирамж гарсан бол гомдол гаргах эрх байдаггүй. Тийм учраас дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шууд явагдах боломжтой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон хойно "Би тэдийг нь төлчихсөн байсан, тэдийг нь зөвшөөрөхгүй байсан шүү дээ" гэх мэтчилэн зүйлийг ярьдаг.

Тиймээс шүүхээс хариуцагчаар дуудах үед нь хуулийн зөвлөгөө авч зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэлүүдээ гаргаж өгөх боломжтой.

-Иргэд хуулийн зөвлөгөө авахаас ихэвчлэн цааргалдаг юм шиг санагддаг. Энэ нь үнэ өртөг, төлбөр тооцоог нь дийлэхгүй гэсэн ойлголттоос ихээхэн шалтгаалдаг шүү дээ?

-Сошиал орчин хөгжсөн өнөө үед цахим орчноос үнэгүй хуулийн зөвлөгөө авах нөхцөл маш сайн бүрдчихсэн байгаа. Хэрвээ хүсвэл мэдээллийн аль ч сувгаар хандан хуулийн анхан шатны зөвлөгөө авах боломжтой. Дээр нь утсаар хүртэл хуулийн зөвлөгөө өгдөг. Тэгэхээр маш сайн эрж, хайж чадвал хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой.

Ерөнхийдөө хуулийн зөвлөгөө авах нь дараа гарах эрсдэлээс хэд дахин хамгаална. Үнэ өртөг, хөрөнгө санхүүгээс эхлээд цаг хугацаа алдахгүйгээрээ онцлог.

-Ярилцлага маань дуусч байна. Миний асуугаагүй үлдсэн, таны хэлэхийг хүссэн зүйлс бий юу?

-Би "Хуулийн зөвлөгөө бол хүн тулгарсан асуудлыхаа гарцыг олж харах үндэс юм" гэж хэлэх дуртай. Энэ ч утгаараа хүмүүсийг хуулийн мэдлэгтэй болоосой гэж хүсдэг. Тиймээс өөрөө "Хуулийн мэдлэгтэй болцгооё" пэйж хуудсыг хөтлөөд мөн лайваар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Үүнээс гадна ЗАХИДАЛ гэх зохиолыг бичиж иргэдэд хуулийн анхан шатны мэдлэг олгохыг хичээж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эмнэлгийн ажилтнуудын цалин 10-30 хувиар нэмэгджээ
Эмнэлгийн ажилтнуудын цалин 10-30 хувиар нэмэгджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.