Өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр 30 орчим минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асфальтбетон хучилтад эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор тус замын чанар, стандартын асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд амжсан.
Тэгвэл үүссэн нөхцөл байдал болон авч буй арга хэмжээний талаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн зөвлөх С.Очирбатаас тодруулахад "Арж Капитал компанийн ажиллаж байсан нэгдүгээр багц хэсгийн 40 орчим метр замын асфальтан хучилт хууларсан байна. Тухайн зам Монгол Улсад мөрдөгдөж буй автозамын төлөвлөлтийн стандартын дагуу л хийгдсэн. Зам нимгэн байгаа эсэхийг өөрсдөө очоод харж болно шүү дээ.
Хамгийн гол нь, замын голоор тавьсан 5-6 тонн жинтэй бетон блокуудыг урсгах хэмжээний үер даланг давж орж ирсэн. Гүйцэтгэгч компаниуд замаа даатгалын компанид даатгуулсан байдаг. Тэгэхээр тухайн даатгалын компани замын эвдрэл, гэмтлийг харж нөхөн олговор гаргана. Өөрөөр хэлбэл, даатгалаас гаргасан мөнгөөр тухайн хэсгийн замыг дахин янзална гэсэн үг.
Замын доод үеийг дуусгаж хучилт хийгдэж хөдөлгөөнийг нь нээчихсэн байсан хэсэг л дээ. Тухайн эвдрэл гарсан хэсгийг хатахыг нь хүлээнэ. Хоёрдугаарт, даатгалын компани ирж ажиллаж, замын эвдрэлийн хэмжээг тогтоосны дараагаар буцаан засварлах ажил хийгдэнэ" гэлээ.