Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс Монгол улс даяар эрт илрүүлгийн аян албан ёсоор эхэлсэн. Эрт илрүүлгийн үйл явц, хамрагдалт зэргийн талаар ЭМЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгөв.
Тэрбээр "Улс орон даяар эрт илрүүлгийн аян өрнөж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 241 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Хамрагдаж буй иргэдийн 45.5 хувийг эмэгтэйчүүд, 54.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Байршлаар нь авч үзвэл, Улаанбаатар хот 49.8, хөдөө орон нутаг 50.2 хувьтай үргэлжилж байгаа. Төв, Хөвсгөл, Дархан- Уул, Дорнод, Завхан аймгийн иргэд эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаж байна" гэлээ.
Түүнчлэн "Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг 6 насны бүлэгт хувааж байгаа юм. Нийт хамрагдсан хүмүүсийг насны байдлаар авч үзвэл, 0-5 насны хүүхэд 15 хувь, 6-17 насны хүүхдүүд 58.7 , 18-30 насны 6.9, 31-45 настай 7 хувьтай, 46-60 насны иргэд 6.7 хувьтай 61-ээс дээш насны иргэд 5 хувийг эзэлж байна. Үүнээс харахад 18-аас дээш настай иргэдийн хамрагдалт сул байна" гэв.