Шинэ төрлийн Ковид19 цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр багш нар ч онлайн заах аргад суралцах шаардлага тулгарч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас үндэсний хэмжээнд суралцагчдад зориулсан теле-хичээл сургалтыг тасралтгүй явуулахын зэрэгцээ багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна.
Түүнчлэн Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл Төрийн бус байгууллагын боловсролын хороотой хамтран гадаад улс, орнуудад амьдарч байгаа монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, сургагч багш нар анхны цахим хичээлийг 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулж, ХБНГУ, АНУ, Белги, Франц, Англи, Австри, Швед, БНСУ, Япон зэрэг улсаас 30 гаруй багш хамрагдлаа
Багш нарын цахим сургалт зохион байгуулах ур чадварт дэмжлэг үзүүлэх зорилго бүхий цахим сургалт “Сургалтын идэвхтэй аргуудыг цахим хичээлд ашиглах нь”, “Зайн сургалтад хэрэглэх боломжит технологиуд”, “Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” зэрэг агуулгаар 4-6 дугаар сард зохион байгуулагдах юм.
Мөн багш нартай “Монгол хүний үнэт зүйл, уламжлалт ёс заншил”, “Хүүхдийн сэтгэл зүйг судлах арга аргачлал”, “Хүүхэд, эцэг эх, багшийн нэгдмэл үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж:БСШУСЯ