Сайн үйлс хийн, сайхан сэтгэлтэй байхад амьдралд нээх их хэцүү зүйл байхгүй гэж Монголчууд бид хэзээнээсээ л ярьцгаадаг. Энэ үнэн.
Би их сургуульд сурч байхдаа хичээл тарах үед ангийн ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан юм. Ангид нэг ч хүүхэд байхгүй байсан. Би хэний утас вэ гэдгийг мэддэг хэрнээ авч гараад өгөөгүй. Найз маань шатан дээр надтай таараад “Найз нь ангид утсаа орхисон байна уу” гэхэд нь аваад халаасандаа хийсэн мөртлөө “Мэдэхгүй ээ, анзаараагүй” гээд хэлчихэв.
Тэр утсыг би найздаа өгчихсөн, гэхдээ манай найз маргааш нь гэхэд алдчихсан гэсэн. Буруу замаар орж ирсэн зүйл арга ч үгүй байлгүйдээ.
Би маш их харамсаж, шаналсан хэвээрээ байна. Яагаад би хүний юм авчихав, яагаад эзнийг нь мэддэг хэрнээ өгсөнгүй вэ, яагаад яагаад яагаад гэсэн бодол дандаа бодогдох боллоо.
Тэр гэмээ цайруулахын тулд би үнэнээ хэлээд найздаа шинээр утас авч өгсөн боловч үе үе бодогдоод байх нь сэтгэлд сэвтэй.
Миний амьдралдаа хийж байсан анхны бөгөөд эцсийн хар мөр бол энэ. Би чинь залуу хүн, ирээдүйд эцэг болох хүн, улс эх орноо хөгжүүлэх хүн гэж бодохоор л би өөрөөсөө ичсэн, харамссан, шаналсан.
Хүн яагаад амар хялбар аргаар амьдрахыг хүсдэг юм бол гэдгийг би одоо ч бодоод ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна.
Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний улирлын байдлаар хулгайлах гэмт хэрэг 2240 бүртгэгдсэн байна. Энэ нь нийт гэмт хэргийн 28 хувь юм. Бусдын бие махбодь, сэтгэл санаагаа бүрэн зориулан олсон эд хөрөнгө, үнэт зүйлд нь хэзээ ч битгий өөрийн дураар хүрээрэй.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.