Иргэн М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ломбардад өөрийн машиныг барьцаалан 1.4 сая төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлжээ. Улмаар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. Гэвч иргэн М нь гэрээний үүргээ зөрчсөн тул ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.4 сая төгрөг, хүү 494 мянган төгрөг, алданги 425 мянга 565 төгрөг буюу нийт 2 сая 320 мянга 465 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан айна. Гэтэл хариуцагч М нь “зээлийг буцаан төлсөн” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
ШҮҮХИЙН ПРОЦЕС:
Хэргийг Анхан шатны шүүх авч хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Харин Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан юм. Тэгвэл Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Хуулийн тусгайлсан зохицуулалтын дагуу ломбардаас мөнгө зээлсэн хүн зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд ломбардын зүгээс барьцааны хөрөнгийг худалдах талаар зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх ёстой. Эл мэдэгдлээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээл, зээлийн хүүг төлүүлнэ. Хэрэв ломбард барьцаанд тавьсан хөрөнгийг төлөх ёстой төлбөрөөс илүү үнээр худалдсан бол үлдсэн мөнгийг зээлдэгчид буцааж олгох үүрэгтэй гэж Иргэний хуулийн 286.3 дугаар зүйлд заажээ.
Хэдийгээр, талууд зээлийн гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч ломбардын зүгээс дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хийх ёстой үйлдлээ хийлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алданги тооцон шаардаж байгаа нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, ломбард нь өөрөө хуульд заасан үйлдлийг хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн тул анз (алданги) авах эрхээ алдсан гэж үзжээ. (Иргэний хуулийн 224.2.3)
Дээрх үндэслэлээр Улсын дээд шүүх иргэн М-ээс үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Харин ломбардаас нэхэмжилж буй алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.