Нам, эвслүүд сонгуульд оролцох тухайгаа мэдэгдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Үүний дагуу өнөөдөр МАН болон "Та бидний эвсэл" зэрэг нам, эвслүүдийн зүгээс сонгуульд оролцох болсноо СЕХ-нд мэдэгдсэн юм. Энэ үеэр "Та бидний эвсэл"-ийн дарга Н.Энхбаяр:
“МАН-ынхан хөл хориотой үед биднийг ард иргэдтэй уулзуулахгүй өөрсдөө ялна гэж бодоод байх шиг байна. Эрх баригчид хэдийгээр ингэж төлөвлөж байгаа ч Монголын ард түмэн өөр бодолтой байгаа байх.
ЖДҮ-чдээс, казиночдоос, 60 тэрбумтнуудаас, хүчирхийлэгчдээс, Эрдэнэтийн 49 хувийн луйварчдаас, Оюутолгойн гэрээг хийж улсаа хохироосон хүмүүсээс 2020 онд салах сонголтыг ард түмэн хийх байх. Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад, мөнгийг нь өгөхгүй зовоож байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа.
Манай эвсэл бол “Та бидний эвсэл” гэдэг нэртэй. Бид ард иргэдтэйгээ уулзаж явахад “Та нар л бидний найдвар шүү” гэж хэлсэн. Энэ бол ард түмний өөрийнх нь эвсэл. Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг оруулсан.Тиймээс энэ бол нийт монголчуудын мөрийн хөтөлбөр" гэлээ.
Мөн тус эвслээс байгалийн баялгийг ард түмэнд авч өгөх, хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх зэргээр цэвэр үйлдвэрлэлийн ажил хийнэ гэлээ.