Баяр наадмын өдрүүдээр иргэд авто замын осол, болзошгүй аюулд өртөх магадлал их байдаг. Иргэдэд анхааруулах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодруулга авахаар НЭМҮТ-ийн осол гэмтлийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгэтэй ярилцлаа.
"Зам тээврийн осолд орж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй хүн байна"
-Үндэсний их баяр наадмын өдрүүд ирж байна. Энэ үеэр иргэд болзошгүй осол гэмтэлд өртөх магадлал их болдог. Тэр дундаа амралтаараа холыг зорих иргэд олширдог. Түүнийгээ дагаад авто замын ослын тоо ч нэмэгддэг шүү дээ. Авто замын ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж юу вэ?
-Осол гэмтлээс шалтгаалж буй нас баралтыг эндэгдэх ёсгүй эндэгдэл гэж нэрлэдэг. Бид үүнээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд 142,442 хүн зам тээврийн осолд орсон гэсэн мэдээлэл бий. Үүний 3026 хүн нас барсан. Осолд өртөж буй хүний 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 эмэгтэй хүн байна. Насны хувьд 25-29 насныхан мөн бага насны хүүхдүүд өртөж байгаа. Үүнийг харвал ид хөдөлмөрлөх залуу насандаа осол гэмтэлд өртөж байна. Наадмын амралтаар хотоос гарах иргэд хувийн бэлтгэлээ сайн хангах, машиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай. Явах замынхаа эвдрэл гэмтэлтэй хэсгийг сайн судлах нь зөв юм.
- Иргэд аян замд явахдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Мэдээж иргэд машинынхаа бүрэн бүтэн байдлыг анхаарах нь чухал. Мөн цаг агаарын мэдээг урьдчилан харсан байх шаардлагатай. Шөнө оройн цагаар жолоо барихгүй байх, зайлшгүй барьсан тохиолдолд холын, гэрлээ шилжүүлэх нь чухал. Жолооч нар нойрмог үедээ их жолоо барьдаг. Энэ бол хэзээ ч байж боломгүй зүйл юм. Мөн "Хар цэг" гэж бүртгэгдсэн газраар жолоо барихдаа хурдаа хасах, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.
-"Хар цэг"-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-"Хар цэг" гэдэг нь авто замын осол байнга гардаг хэсгийг хэлнэ. Тус газрын байгалийн тогтоц нь хэт уруу, эргэлттэй, холын харагдац муу , бартаатай замыг хэлдэг. Жишээ нь Архангай аймгын Цахир сумын "Солонготын даваа" гэх газар бий. Жолооч нар "Хар цэг" гэж бүртгэгдсэн замыг сайн судлаж хаана ямар газраар явбал зүгээр вэ гэдгээ мэддэг байх шаардлагатай.
-"Хар цэг"-т гарч буй ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулхын тулд НЭМҮТ-ээс авч буй арга хэмжээ юу байна вэ?
- Хар цэгтэй аймаг сумдуудад эмч, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, аливаа осол гэмтлийн анхны тусламжын талаар иргэдэд сургалт явуулах ажил зохион байгуулна. Мөн жолооч нарт сэрэмжлүүлэг болгож энэ энэ аймгуудад хар цэг байгаа шүү , энэ зам нь эргэлттэй шүү гэх мэтчилэн видео анхааруулга хийгдэж байгаа.
-Баяр наадмын үеэр зам тээврийн ослоос гадна, могойнд хатгуулах, усанд живэх гэх мэт ослууд гардаг шүү дээ. Эдгээр ослоос урьдчилан сэргийлэх зөвөлгөө өгөөч?
-Баяр наадмаар иргэд хамт олноороо, гэр бүлээрээ голын эрэг дагаж буудаллах нь элбэг байдаг. Энэ үеэр хүүхэддээ өгөх анхаарлаа сарниулснаар аливаа осол гэмтэл гарах үндэм болдог. Ингэснээрээ хүүхэд усанд осолдох, могойнд хатгуулах зэрэг хэргүүд их гардаг. Мөн сүүлийн үед гол дагаж хортой могой их орж ирэх болсон. Эцэг эхчүүд хүүхэддээ могойтой таарвал ямар үйлдэл гаргах юм, аль могой нь хортой юм , аль хоргүй юм гэх мэтчилэн наад захын зүйлийг ярьж ойлгуулах хэрэгтэй. Өндөр өвстэй газраар явахдаа түрийтэй гутал өмсөх, тод өнгийн хувцас өмсөх нь могойнд хатгуулах эрсдэлийг бууруулна. Хэрэв могойнд хатгуулсан тохиолдолд тус доод мөчдийн хэсгийг хөдөлгөхгүй байх нь чухал. Ингэснээр могойн хор бүх биеэр тархах эрсдэлийг бууруулна. Голд орохдоо зориулалтын завь, зориулалтын хийлдэг гудсыг ашиглахыг зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа