Өнөөдөр Японы Нара аймгийн Нара хотод сонгуулийн компанит ажилд дэмжигчээр оролцож явсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо галт халдлагад өртсөн.
Тодруулбал сэжигтэн Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн ар талаас хоёр удаа гал нээсэн бөгөөд энэ нь хохирогчийн цээж болон хүзүү тус газрыг шархдуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Буун дуу гарсны дараа Ерөнхий сайд асан Абэ цээж хэсгээрээ цус алдсан байдалтай хэвтэж байсан бөгөөд түргэн тусламжийн нисдэг тэргээр Нара аймгийн Эрүүл мэндийн их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Абэ Шинзо түргэнээр хүргэгдэх явцад ухаантай байсан гэв.
Сэжигтний хувьд Нара аймагт оршин суух 41 настай Ямагами Тэцүяа эрэгтэй бөгөөд Японы өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн албанд 3 жил алба хаасан гэх мэдээлэл байна. Тэрбээр энэхүү үйлдлийнхээ талаар “ Ерөнхий сайд асан Абэд дургүй хүрч байсан бөгөөд амь насыг нь хөнөөе гэж бодоод халдсан” гэж мэдүүлэг өгчээ.