Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: “Роснефть”-д АИ 92 шатахууныг хямдруулсан үнээр авах саналыг тавдугаар сараас хойш тавьсан ч хариу ирээгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 18 секунд

Чуулганы өчигдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Япон Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хөшигтийн хөндийд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнэ зэргээс шууд хамааралтай байдаг.

Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж, дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна.

Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” төрийн өмчит ХХК-ийг байгуулсан.

“Эрчис ойл” компани нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан.

Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” төрийн өмчит ХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нэмэлт оруулах саналыг боловсруулсан болно.

Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна

ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авах хэлцлийг хийсэн байгаа. Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна. 2019, 2020, 2021 онд манай улсад нийлүүлсэн шатахуун олон улсын зах зээлийн үнээс 187-225 ам.доллараар илүү байсан. “Роснефть” компанитай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард АИ 92 бензиний үнийн талаар хэлцэл хийсэн. Ингэснээр энэхүү бензинийг зах зээлийн үнээс 25 хувиар хямдруулсан. Тэр үед 1110 ам.доллар байсан бензинийг 840 ам.доллараар гурван сарын турш авлаа. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын шатахууны жижиглэнгийн үнээс манайд зарагдаж байгаа үнэ 500 орчим төгрөгөөр хямд байгаа. Ер нь “Роснефьт аэро” компанитай онгоцны түлшний үнийн асуудал яригдаж байгаа. Энэ компани “Роснефьт” компанийн охин компани. Цаашид АИ 92 шатахууныг хямдруулсан үнээр авах саналыг тавдугаар сараас хойш тавьсаар байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Цаашид хэлцлээ үргэлжлүүлнэ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө.

Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг 100 хувь ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Энэ түлшийг авах компани өөрчлөгдөхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой. Манай улс сүүлийн 10 гаруй жил ганц компаниас түлш авч байгааг хориг тавьж буй орнууд ойлгож байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банкууд ОХУ-аас 100 хувь хамааралтай орнуудын төлбөр тооцоотой холбоотой асуудалд уян хатан хандана" гэлээ.

“Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө“ хэрэгжсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ
“Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө“ хэрэгжсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ
 
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.