Хэдэн өдөр дараалан нэвширтэл бороо орно гэж санааширхаас илүүтэй наадмын өдрүүд хаяанд ирсэнд хэн хүнгүй догдолцгооно. Амралтын олон өдөр таарч байгааг ч хэлэх үү. Манайхан ч аяны майхан, тор дүүрэн хүнс, хөөрхөн бяцхан үрсээ аваад аялал, зугаалганд эхлэн гарч эхлэх нь ээ. Магадгүй өмнө аялаж яваа хэдийн маань виз ч дуусаж, их хот руу хүлгийн жолоогоо залж байгаа биз ээ. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах иргэдийн хөл хаа ч тасрахгүй нь мэдээж. Гэвч дотоодын аялал жуулчлал нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал ихсэж, уртаас урт цуваа үүсдэг гэдгийг мартаагүй биз, жолооч нар аа. Иймдээ ч цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон сануулсаар буй. Гэвч ослын тоог нэгээр нэмэхгүй байх нь жолооны хүрд атган суугаа жолооч таны хариуцлагаас шалтгаалах билээ.
Замын хөдөлгөөнд бие биеэ хүндэтгэж, боловсон оролцоно гэдэг нь өөрөө хотын том соёл юм. Гэвч хөдөлгөөнд соёлтой оролцож байна гээд чимээгүйхэн амиа хичээхийн нэр биш билээ жолооч нар аа. Хамгийн наад зах нь шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх соёлд суралцмаар байна. Хот дотор холын гэрэл асаадаг, орон нутгийн замд гэрлээ шилжүүлэхийг ч хүсдэггүй хачин бүдүүлэг жолооч нар ч байсаар байгаа нь худал биш. Ийм жолооч нарын соёлгүй үйлдэл харууслаар дуусах нь ч элбэг. Зам тээврийн ослын 84.9 хувь нь жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тэр дундаа энэ төрлийн зам тээврийн осол шөнийн цагаар болсон байдаг аж.
Жолооч жолоочийнхоо амийг хариуцдаг гэдгийг та мэдэх үү. Хамгийн гол нь нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэх тооцоо ч бий.
Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд бүр ч хэцүү байдаг болохыг хэлүүлэлтгүйгээр мэдэх биз ээ. Сүүлийн өдрүүдэд зарим орон нутгуудаар хур бороо ихээр орж байгаатай холбоотойгоор замын эвдрэл ихсэж, энхэл донхол зам биднийг угтах нь энүүхэнд. Иймд гэрлээ шилжүүлж зорчихоос гадна автомашины бүрэн байдлаа хангахаа мартуузай.
Аялалд гарахаар зэхсэн энэ үед ч, хөдөлгөөнд оролцох мөч бүхэндээ гэрлээ шилжүүлж хэвшээрэй, жолооч нараа. Өөдөөс ирж буй машин 150 метр ойртоход л өөрийн гэрлээ шилжүүлэх хэрэгтэй.
Жолооны үнэмлэхтэй хүн болгон жолооч биш шүү дээ. Иймд жолооч та нэр төдий бус нийгэмдээ үлгэрлэх хариуцлагатай нэгэн байгаарай. Ухамсар гэрлийг асааж, шилжүүлэх соёлыг та өөрөө үйлддэг гэдгийг бүү мартаарай.