Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр /2020-2024/”-ийг хэлэлцэж баталлаа.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажилд орчин үеийн менежментийн хэлбэр, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үр дүнг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
Хөтөлбөрийг үндсэн 5 чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:
- Монгол цагдааг өв тэгш хөгжүүлэн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, албаны чадамжийг дээшлүүлэх;
- Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын чанарыг дээшлүүлж, байгууллагын чадавхыг сайжруулах;
- Үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангаж, үр дүнг нэмэгдүүлэх;
- Өндөр технологийг нэвтрүүлэх, цагдаагийн инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйл ажиллагааны баталгаатай, найдвартай байдлыг хангах;
- Иргэдийн оролцоо, бүх талын хамтын ажиллагааг дэмжих;
Хөтөлбөрийг 2020-2024 онд 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, шинэ мэдлэг, дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бэхжин, алба хаагчийн хууль зүй, эдийн засаг, нийгмийн баталгаа сайжирч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах, иргэд, олон нийтийн аюулгүй байдлын баталгааг хангахад бодит үр нөлөө үзүүлнэ гэж тооцлоо.
Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам