Арав гаруйхан хоногийн дараа улсын баяр наадам болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, НЭМХ хамтран унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Цар тахлаас үүдэж хоёр жил баяр наадам тэмдэглээгүй. Үүнийг дагаад 2022 онд маш олон наадам товлогдсон байна. Жишээлбэл, зургаан аймагт наадам болно. Мөн бүсийн таван уралдаан болно. Үүнийг дагаад уралдаанд ородох хурдан морьдын тоо өссөн байна. 2022 он гарсаар нийт 82 уралдаанд 3800 гаруй унаач хүүхэд оролцсон. Эдгээрээс 9 хүүхэд гэмтэж бэртсэнээс нэг хүүхэд амиа алдсан. Үүнээс гадна бүртгэлгүй уралдаан цөөнгүй болсон. Тиймээс хуулиа дагаж мөрдөхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд 13 хүүхэд мориноос унаж бэртэж гэмтсэн гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс найман хүүхэд нь нас барсан. Бусад таван хүүхэд нь хүнд гэмтэл авсан, ухаан ороогүй байдалтай байна. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн хамгаалахыг уриалъя” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эцэг, эхийн буруугаас болж хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг үү?
-Цагдаагийн байгууллагаас шалгадаг. Хуульд эцэг, эхийн үүргийг тусгаж өгсөн байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулиар хариуцлага тооцдог. Эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй хоёр эцэг, эхэд хариуцлага хүлээлгэсэн. Он гарсаар 36 хүүхэд амь насаа алдсан. Эдгээрийн олон нь зам тээврийн осол.
-Унаач хүүхдийн нас, биеийн жин, өндөрт хязгаар тогтоосон байдаг юм болов уу?
-Баяр наадмын шинэчилсэн хуулиар унаач хүүхдийн доод нас нь найман нас байхаар тогтоосон. Унаач хүүхдийг даатгалд хамруулсан эсэхэд хяналт тавьдаг. Даатгалд хамрагдсан хүүхдүүдэд карт өгдөг. Үүний учир нь унаач хүүхэд зурхай руу гарах үед энэ картаа үзүүлж, морь унах эрхтэй эсэхийг нь шалгадаг. Яг энэ систем нь бүртгэлтэй уралдаануудад өерэг нөлөө үзүүлж байгаа. Гэвч орон нутагт зөвшөөрөлгүй, бүртгэлгүй уралдаан олон болж байна. Үүнээс болж хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна.
-Хэрвээ тухайн уяач хүүхдийн эцэг, эхээс нь зөвшөөрөл аваагүй бол ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
-Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог. Хэрвээ хүүхэд унаж гэмтсэн бол зүйл заалт нь хүндрүүлэх үндэслэл болно.
-Бүртгэлгүй уралдаан зохион байгуулсан хүнд хариуцлага хүлээлгэдэг үү?
-Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна.
-Унаач хүүхдийн хувцас хэрэглэлд стандарт байдаг уу?
-2017 онд батласан стандартыг дагаж мөрддөг. Холбогдогдох байгууллагаас баталсан стандартын хувцас өмссөн хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэл бага байдаг. Гэтэл зарим нэг ашиг олох гэсэн хүмүүс стандартад 100 хувь нийцэхгүй хувцас хэрэглэл оруулж ирж худалдаалдаг. Үүнээс нь болж унаач хүүхэд хохирох тохиолдол гарч байсан.