Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос минь

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
15 минут 1 секунд

Чулуун байлдаан гэж аймар юм болдог байлаа. Одоогийн “зээт” үеийнхэнд яаж ч тайлбарлаад ойлгохооргүй явдал. Булаацалдаад байх юмгүй хэрнээ байраараа талцаж учиргүй чулуу нүүлгэж гарна. Дов, дошоо алдаж ухарвал ялагдсанд тооцогдоно. Тэрэн шиг гутамшиг гэж үгүй тул хүүхдүүд байраа эх орон мэт хамгаалан чулуу дүүгэрдэнэ дээ. Ийм нэг байлдаанд би дайсны гарт олзлогдож байснаа тод санадаг юм. Нүүр нүдгүй балбуулж байтал Иван гэж хажуу орцны мангар ганцаараа турба эргүүлээд ороод ирж билээ. Дайснууд дутааж, дошоо алдах дээрээ тулсан манайхан байрлалаа эзэлж, би ч аврагдсан юм даг. Мужик гэж Орос хэлц бий. Манайхаар гүндүүгүй, эсвэл хоншоортой ч гэх юмуу. Иван яг л тийм жинхэнэ Мужик байсан. Орос хүүхдүүдтэй ноцолдож хөөцөлдөж өссөн дунд үеийнхэн олон. Улаанбаатараас гадна Эрдэнэт Дарханд бараг л орц болгон нэг Оростой байлаа. Цэвэрч нямбай, дэг журамтай, нөхөрсөг гээд тэдэнд сайхан чанар их. Орос ах нар гэж өргөмжилсөн нь дан ганц үзэл суртлын биш хүн хоорондын юм ч байдаг шиг санагддаг. Ерөөс иргэншилд шилжихэд бид өөрсдөдөө байгаагүй бүх зүйлээ Оросоос авсан нь үнэн. Хоол унд, архи дарс, хувцас хунар зэрэг ахуйн ойр зуурын юмнуудаас эхлээд кино, ном, зохиол, дуу хөгжим, шинжлэх ухаан зэрэг оюун санаа, инженерчлэлийн бүх зүйлийг л бид Оросоос л хуулж авсан ард түмэн.

Местний гэгддэг Оросууд нутгийнхаа засаг захиргаанд нийцээгүй шалтгаанаар алс холын Монгол мэтийн орон руу цөлөгддөг байсан түүхтэй. Харин тухайн үедээ нутагтаа гологдсон эдгээр хүмүүс нийгмийнхээ сор, бас ч үгүй өндөр боловсролтой соён гэгээрсэн хүмүүс байсан шиг. Орос хүнийг маажихад Монгол хүн цухуйдаг гэх хэлц бас бий. Аж байдал, хүн чанарын хувьд Орос Монгол хүмүүст төстэй зүйл их.

Харин Оросын төр Орос хүндээ хамаагүй юм шиг хүйтэн хөндий, харгис байдаг нь хачирхалтай. “Самгон нэрэх сахаргүй ч Орос орон л хүчирхэг байвал боллоо” гэх утгатай хэлц бас байх. Гэвч энэ хэлц үнэхээр жирийн Орос хүнээс гаралтай гэхэд эргэлзмээр. Оросын яруу алдар, хүчирхэг Орос гэх мэт прогпоганда бүтэн 100 жил Орос хүндээ дайсагнаж байна.

Ер нь хүний түүхэнд олон эзэнт гүрэн мандан бадарч бас мөхсөн. Хүн ер нь алалцаж уралцаад л хүчээ үзэж амьдрах уу? эсвэл амар тайван аз жаргалтай амьдрах уу? гэдгээс сонголт хийхэд тун амархан. Өсвөр насандаа атман явсан хүүхдүүд томроод томоождог доо. Цөөн хэдэн мангарууд нь тэр эрчээрээ шоронгийн хаалга татах юмуу бусдад алуулах гэх мэт харамсалтайгаар дуусах нь бий. Бүтэн хоёр зуун жил алж талахаараа нэгж болж, бараг л дэлхийг колончилсон Англичууд нэг л өдөр энэ бүхнээсээ залхаад өөрсдөө колоноо задалж эхэлсэн түүхтэй. Зай гарахгүй байлдаантай, бусдыг эрхшээхийн төлөө цэрэг эрсийнхээ амь нас, улсын сан хөмрөгөө гөвсөөр ирсэн Англичууд “энэ ер нь утгагүй юм байна” гэж өөрсдөө ойлгоод больсон. Соёлт ертөнц улс төрийн хэнээрхлээс болж ард иргэдийнхээ аз жаргалыг золиод байж болохгүй гэдгийг ойлгохын тулд 1789 оны Францын хувьсгалаас хойш багадаа 100 жил зарцуулжээ. Харин 200 гаран жил өнгөрчихөөд байхад ойлгоогүй улс гүрнүүд ч өнөөдөр байсаар байна. 20-р зууны эхэнд ийм сэтгэлгээнээс салаагүй хоёр том эзэнт гүрэн байсан нь Германы эзэнт улс, ЗХУ юм. Германыг армитай улс биш, улстай арми гэж Европууд хошигнодог байжээ. Улам том газар нутаг, олон үндэстнийг захирах хуучирсан амбиц нь эцэстээ Герман орныг сүүрлийн замруу хөтөлсөн түүхтэй. Тэд дэлхийн 1-р дайнд ялагдаж Версалийн гэрээгээр хамаг эрхээ хасуулсан. Удалгүй А.Гитлерийн нацизм, антисемизийн хар гайгаар дахин цустайгаа хутгалдсан. Эцэст нь тэд эргэлт буцалтгүй ардчилсан замруу шулуудсан. Өдгөө Герман нь өндөр хөгжилтэй, иргэд нь сэтгэл хангалуун хамгийн сайхан орнуудын нэг.

Хандлагын зөрүү гэдэг асар том үр дагавартай зүйл аж. Жишээлбэл Англичууд колони улсынхаа задралыг жам ёсны үзэгдэл гэж тайлбарладаг. Харин ЗХУ-ын задралыг Путинистууд уналт гэж үздэг. Чухам ийм хандлагын зөрүүнээс Ж.Сталины амжилтыг давтах гэсэн хэнээт амбицаас болж Оросууд дэлхий даяараа адлагдаж сууна. Европ, Америк, Ази, Африкын 50 гаруй Улс 10 мянга орчим хориг тавиад сууж байна. Ийм том цохилт, талцал хуваагдал хүйтэн дайны үед ч гарч байгаагүй билээ. Ийм гутамшиг доромжлолыг амсаж суугаа улс эцэстээ яахаас ч буцахгүй болох ч аюултай. Дэлхийг хэд дахин сөнөөж чадах цөмийн пуужингуудыг эрүүл ухаанаа алдсан хөгшин өвгөн тэврээд сууж байгаа нь хамгийн аюултай.

Соёл иргэншилтэй нэг хэлээр ярилцдаг шинэ Орос орныг бий болгох үйл явц сүүлийн 100 жилд хэд хэдэн удаа нухчин даруулсан ч Орос хүмүүсийн зүрх сэтгэлд үргэлжилсээр л байгаа. Тэд өвгөн дарангуйлагчаасаа салахыг, салсан хойноо ямар ч их баярлахыг өөрсдөө ч мэдэхгүй суугаа. Яг л Францын хувьсгал 100 жилийн дараа зорилгодоо хүрсэн шиг Орос үндэстний тэмцэл унаж, сэрсээр 100 жил үргэлжилж байна.

100 жилийн өмнө тэд хаант засаг, хамжлагат ёсыг халахын тулд хувьсгал хийсэн ч болешивекууд гуйвуулж илүү хорлонтой коммунист дэглэмийг тогтоосон. Жам ёсоороо дампуурч унах ёстой байсан коммунистууд А.Гитлерийг ялснаар зүүн Европыг гартаа оруулж Берлин хүртэл сунайсан импер байгуулж улам хүчирхэгжсэн. Ингэж дэглэм амьдрах насаа 50 жилээр сунгасан ч эцэстээ 1989 онд Берлины ханатай хамт нурж унасан. Орос орон жам ёсны зам руугаа орох нь гэж дэлхий нийт тэр үед харж байлаа. Тэд коммунист намаа хориглож, ЗХУ-ыг тарааж, гарцаагүй ардчилсан сонгууль явуулсан.Уг нь гарцаагүй ардчилагдсан. Гэтэл нэг мэдэхэд Оросын ардчилал алгуурхан хулгайлагдаж хаа нэгтээ хоригджээ. Оросын ардчилал хэзээ хаана хулгайлагдаваа гэж соёлт ертөнц гайхаж эргэцүүлж сууна.

Коммунист засаглал нам, КГБ гэж хоёр гол институти дээр оршин тогтнож байсан. Тэд коммунист намаа устгаж чадсан атлаа КГБ-ээ устгаж чадаагүй. Ерөөс Оросын тусгай албаны түүх гэдэг дэлхийд данстай. Петр хааны үеэс улбаатай нууц алба Коммунист засагллын үед КГБ болон улам хүчирхэгжиж байснаа өдгөө ФСБ нэртэйгээр төрийг хянаж байна. Тэд төлөөний хүнээ Ерөнхийлөгч болгосноор ард иргэдээс төрийн эрх мэдлийг маш аажмаар буцааж авчээ. В.Путин бүрэн эрхээ дуусгаж Д.Медведев сонгуулиар гарч ирэх хүртэл Оросыг ямар нэг байдлаар ардчиллаа хадгалж байгаа улс гэдэгт барууны ертөнц итгэлтэй байлаа. Тэд газрын тос, байгалийн хийн асар том гэрээ хэлэлцлүүд хийж, ОХУ-д хөрөнгө оруулж, түншлэлээ улам тэлсээр байв. В.Путин “Мьюнхений аюулгүй байдлын бага хурал” дээр “ЗХУ задарсан нь 20-р зууны геополитикын нуралт байсан” гэж хэлэхэд ч тоосонгүй. 2008 онд Гүржрүү дайрахад ч шийрүүлсэнгүй. Харин 2014 онд Украинд халдахад нь сая нэг сэрлээ. Түүний зорилго эзлэн түрэмгийлэх, ЗХУ-ыг сэргээнэ гэж хоосон хэлээгүй нь үнэн юм байна гэдгийг ойлгож цөм шоконд орлоо. В.Путин ялбал дараагийн бай илүү том байх болно гэдэг дээр 100 санал нийллээ. Төвийг сахиад аюулгүй байна гэж шийдээд байсан Финляд, Швед, Норвеги НАТО-руу үтэр түргэн өргөдлөө бариад гүйлээ. Казакууд Турктэй цэргийн эвсэл байгууллаа. Польшууд юу юугүй л Украины талд орж байлдчих гээд НАТО, АНУ-ыг шахаж, сандаргаж байна. Коммунистуудад бүтэн үеэрээ хядуулсан үндэстний хорсол тэднээс гадна Чех, Молдавчуудын дунд буцалсаар. Хүн төрөлхтөн коммунист босоо ороолонгуудыг дахин сэрвэл амиа золин тэмцэнэ гэдгээ мэдрүүлж байна. Харин бид зассан эзэндээ янаг нохой шиг таг дуугүй л суухаас өөр яалтай. Коммунистууд Монголыг улс ч гэж үздэггүй. “Тахиа бол шувуу биш, Монгол бол гадаад биш” гэж Орос хэлц ч бий. Тэдний хувьд бид болзошгүй дайны полигон, амьд ч биш, үхсэн ч биш тоглоомын бамбай байх ёстой. Ийм үхэжсэн үзлээс нь бултах гэж бид Оюутолгой мэтийн том гэрээ дураараа байгуулж янз бүрээр эвлэгхэн тийчийлж яваа. Энэ нь мэдээж тэдэнд таалагдахгүй. Тийм болохоор албан ёсны мэргэжлийн хорлон сүйтгэгчийг элчингээр явуулах нь зүйд нийцнэ. Ийм ажилд нэн тохиромжтой нь дутуугийн комфлекстэй эрлийзүүд, бага ястнууд л байдаг.

Жишээлбэл К.Азизов мэтийн киргизүүд үүнд яг тохирно. К.Азиков абугай Монголд ирээд 10 жилийн нүүрийг үзлээ. Нэг улсад ийм удаан хугацаагаар суусан өөр элчин сайд байдаг ч юм уу үгүй ч юмуу?

Анх В.Лениний хөшөөг нураалаа гэж дөвчигнөсөн К.Азизов бидний дотоод асуудалд хутгалддаг нь бараг зуршил болжээ. Улс орон өөрийн газар нутагтаа хэнийхээ хөшөөг барьж буулгахаа өөр улсын элчин сайдаар заалгуулахгүй гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч Монгол нь Киргизээс дээр, иргэд нь эрх чөлөөтэй байгаад шээс алдтал атаархадаг юм шиг.

УИХ хэлэлцэх асуудлын жагсаалтаа ирүүл, үндэсний телевиз ялалтын баярыг парадыг шууд дамжуул, АН бол барууны гөлөг гэх мэтээр суугаа улсынхаа дотоод хэрэгт хутгалдах, элчин сайд хүний хэргэм нэр хүндэд баймааргүй бүдүүлэг үйлдэл гаргах нь огт санамсаргүй алхам биш юм. Тэр энэ улсыг шоглоомын төртэй, тоглоомын улс байлгахын төлөө зориудаар ийм юмыг сэдэж хэрэгжүүлж байна. Ялангуяа Оросын бүх удирдагч нараас Монголд арай элэгтэй хамгийн олон удаа айлчилж ирсэн В.Путинд бидний тухай буруу мэдээлэл өгөх, Монголчууд өөрт нь тааламжгүй байгаа гэх ойлголтыг төрүүлэх, КГБ-ийн Монголын талаар баримталж ирсэн бодлогыг илүү хорлонтойгоор хэрэгжүүлэхэд тэр үүргээ маш сайн биелүүлж байгаа.

ОХУ, Украины мөргөлдөөний асуудлаар Монголын төр төвийг сахиж, энхийг эрхэмлэсэн байр суурь илэрхийлж ОХУ-ын эсрэг хоригийн асуудлаар түтгэлзсэн санал өгсөн. Тэгэх ч ёстой юм. Гэтэл ОХУ-ын элчин сайд нь зориудаар сөрөг хүчний намуудтай муудалцах, Монголын нийгмийг Оросыг дэмжигч ба эсэргүүцэгчээр талцуулах ажлыг дэвэргэж байна. Монгол улс мөрөөрөө мөөмөө унжуулж, элдэв зөрчил мөргөлдөөний аль нэг талд орохгүй байх төрийн бодлогыг зориуд ганхуулахын тулд ялалтын парад гэх мэтээр зориудаар талцуулах ажлыг зохион байгуулах боллоо. Нийгмийн талцал нэмэгдэх хэрээр төр засгаа сонголт хийхийг шаардана. Хэрвээ Монгол Улс ОХУ-ын талд орвол К.Азизов ажлаа сайн хийсэн гэж шагнуулна. Харин барууны талд орвол К.Азизовын ОХУ-ын удирдлагуудад хүргэсэн хов болгон зөв байж гэдэг нь нотлогдоно. Ийм дутуугийн комфлекстэй хорлон сүйтгэгчийг тааламжгүй этгээдээр нэрлээд хөөх зангараг байдаггүй юмаа гэхэд, аргыг нь олоод гэрт нь буцаах ухаан баймаар юм даа.

Жич: Эгийн гол дээрээ УЦС-ыг барья гэвэл НҮБ-ийн дүгнэлт хэрэгтэй гэж шалтиглаад удаж байна. НҮБ-ийн байгаль орчны байгууллагын дарга гэж Орост элэгтэй Коммунист маягийн нөхөр уг дүгнэлтийг гаргаж өгөхгүй дараад байсан гэж төслийн удирдагч Д.Одхүү ярих юм билээ. Өдгөө тэр нь ч солигдсон. НҮБ тэр аяараа ОХУ-тай таагүй харилцаатай байна. Ийм сиймхийг ашиглаад эгийн гол байгаль нуурт ямар ч падлийгүй гэсэн бичгээ аваад ажлаа эхлэх зам бол харагдаж л байна.

Наадмаар зодоглох бөхчүүдийг ирэх сарын 7-9-нд бүртгэнэ
Наадмаар зодоглох бөхчүүдийг ирэх сарын 7-9-нд бүртгэнэ
 
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.