Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр:
Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, эрсдэлтэй үеийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилт хийхийг үүрэг болгосон. Дадлага сургуулилтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулна.
Сургуулилтанд ард иргэдийг оролцуулна. Бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах үйл ажиллагааг судалж байна.Түүнчлэн УОК-оос ойрын хугацаанд ээлжит тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж байна.
4 дүгээр сарын 30-нд БНСУ-руу, тавдугаар сарын 2-нд Герман улс руу тусгай нислэг хийнэ. Тусгай нислэгээр ирэх иргэдэд өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг тавьна. Дээр нь ЭМЯ-аас шаардсан "гаднаас ирж байгаа иргэд заавал коронавирусний шинжилгээнд хамрагдсан байх ёстой" гэх шаардлагыг тавьна. Бид ес хоногийн өмнө мэдээлж байгаа учир нь тусгай үүргийн нислэгээр ирэх иргэн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ хийлгэсэн байх ёстой. 48 цагаас өмнө шинжилгээ хийлгэсэн байвал тооцохгүй.
Энэ удаагийн нислэгийн ажлын хэсэг гадаад хэргийн яамтай хамтарч ажиллана.Гадаадад байгаа иргэдээс өргөдлүүд маш их ирсэн. Иргэдээ татаж авах асуудалд нөөц хязгаарлагдмал байгаа тул байгаа боломжоороо татаж авч байна. Мөн Замын- үүдийн боомтоор нэвтрүүлэхтэй холбоотой түр журам боловсруулахаар болсон. Нэвтрэх түр хугацааны журмыг боловсруулахаар ажлын хэсэг Замын-үүд явсан байгаа.