Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Төгсөлттэй холбоотой зохион байгуулах БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОЛОО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 1 секунд


Хичээл, сургалтыг үлдсэн хугацаанд хэрхэн зохицуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгч байна.



ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ ЗУРГАДУГААР САРЫН 1-НЫГ ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгахтай холбоотой тушаал, шийдвэрүүд гарлаа. Засгийн газрын тогтоолд тусгагдсаны дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байна. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын теле хичээл, цахим хичээлийг зургадугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолыг дагалдуулан салбарын сайдын тушаал гарсан. Тус тушаалд хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа дуусч байгаатай холбогдуулан ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургадугаар сарын 1-ныг хүртэл, ЕБС, цэцэрлэгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх цахим сургалтыг IV-V сард зохион байгуулна" гэв.


2020 ОНЫГ ДУУСТАЛ УРАЛДААН, ТЭМЦЭЭН, ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангийн сургалтын агуулгыг бататгах, давтлага хичээлийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. ЭЕШ-ийн даалгаврыг гүйцэтгэхэд гардаг нийтлэг алдаа, дутагдалтай холбоотой заавар, зөвлөмжийг төгсөгчдөд хүргүүлнэ. 

2020 онд зохион байгуулах сургууль, цэцэрлэгийн багш, сурагчдын дунд зохион байгуулах уралдаан, тэмцээн, олимпиадыг цуцаллаа. 9, 12-р анги төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох арга хэмжээг зургадугаар сарын 07-ны дотор зохион байгуулна.


ЕБС-ИЙН X АНГИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫН ТООНД ХЯЗГААР ТАВИХГҮЙ

Бүх сурагчдыг анги дэвшүүлэх тушаал гарсан. Суралцагчдын жилийн эцсийн үнэлгээг хагас жилийн үнэлгээг голчлон, теле хичээлийн идэвх, оролцоог харгалзан үзэж дүгнэнэ. Хагас жилийн үнэлгээнээс бууруулахгүй байх чиглэл өгсөн. Дүн гаргахдаа техник технологийн бололцоо болон зайнаас суралцах боломж зэргийг харгалзан үзэхийг анхааруулж байна. 

ЕБС-ийн X ангид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй суралцагчдын тоонд хязгаар тавихгүй. Хүссэн суралцагч бүрийг дэвшин суралцах хангах боломж олгоно. ЕБС-ийн дотуур амьдардаг сурагчдын эд зүйлс, цэцэрлэгийн хүүхдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан олгох чиглэл өгч байна.


ТӨГСӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

Их, дээд сургууль, коллежийн хаврын улирлын сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүх ажлуудыг зургадугаар сарын 15-ны дотор цахимаар зохион байгуулах чиглэл өгсөн.

Оюутнуудын төгсөлттэй холбоотой ямар ч төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Төгсөлттэй холбоотойгоор ямар ч хонхны баяр, цугларалт, бөөгнөрлийг бий болгож болохгүй.

Босго оноо төрийн их дээд сургуулиудад 480, төр бус сургуулиудад 410, орон нутгийн их, дээд сургуулиудыг 400 байхаар тогтоолоо. Их сургуулиуд элсэлтийг нээлттэй, ил тод, цахимаар долдугаар сарын 10-ны дотор зохион байгуулна. 

Оюутны дотуур байранд байдаг оюутнуудын эд зүйлийг тавдугаар сарын 15-ны дотор өөрт нь эсвэл итгэмжлэгдсэн хүнд нь хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон гэв.


БУСАД ШИЙДВЭРҮҮД

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2020 оны 4-5 дугаар сард онлайн хэлбэрээр явагдана. Өнөөдрийн байдлаар 4500 гаруй багш системд хандалт хийж, 2300 гаруй багш эрхээ баталгаажуулж, 1800 багш сургалтаа эхлүүлээд явж байна. 
  • Теле хичээлийг багшийн журналд тэмдэглэх заавар, 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж боловсруулж багш нарт хүргүүлнэ. 
  • Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрууд теле хичээл, цахим сургалтыг хүүхэд бүрт хүрч буй эсэхэд хяналт тавьж, багш нарт зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг удирдан зохион байгуулж байна. 
  • Холбогдох журмын дагуу мэргэжлийн зэрэг олгох зохицуулалтыг 2020 оны 9 дүгээр сард хэрэгжүүлэхээр хойшлууллаа. А/194 дүгээр тушаалд цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нар тодорхой үүрэг хүлээж, зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 
  • Анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/118 дугаар тушаал батлагдан гарсан. Үүнтэй холбоотой суралцагчийн жилийн эцсийн дүнг хагас жил /II улирал/-ийн үнэлгээ/хувь/, теле болон цахим хичээлийг судалсан байдлыг харгалзан багшийн өгсөн оноо /хувь/-ны нийлбэрээр тооцож гаргахаар зохицууллаа. 
  • Танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтыг 2020 оны 6 дугаар сарын эхний 7 хоногт багтаан эхлүүлнэ. Цэцэрлэг, сургууль өөрийн санхүүжилт, нөөц боломжоо ашиглан хийх засвар, үйлчилгээг түр цуцалж байна. 
  • Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчдөөс бусад ангийн суралцагчийн хувийн хэрэг, сургуулийн номын сангаас авч ашиглаж байгаа сурах бичгийг буцаан төвлөрүүлэх, цэцэрлэгийн бүртгэл, суралцагч элсүүлэхтэй холбогдох үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.
Газрын тос олборлогчид илүүдэл тосоо хүмүүст мөнгө төлж нийлүүлж байна
Газрын тос олборлогчид илүүдэл тосоо хүмүүст мөнгө төлж нийлүүлж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.