ЭМЯ, ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 341 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 154 иргэн ХӨСҮТ-д ажиглалт, шинжилгээ хийж байна.
“Интермед” эмнэлэгт эмчлүүлж байсан сүүлийн долоо хоног ханиалгасан, хоёр уушги хатгалгаатай гэх өвчний түүхтэй 69 настай иргэнд түргэвчилсэн оношлуураар хариу эерэг гарсан. Бид сорьцыг өнөө өглөө 05:00 цагийн үед ХӨСҮТ-ийн лабораторид авчран шинжилж байна. Эхний хариу бол түргэвчилсэн оношлуураар гарсан тул PCR шинжилгээний хариунд үндэслэх нь чухал гэж үзэж байна. Шинжилгээний хариу үдээс хойш гарна.
Тухайн иргэний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-нд БНСУ руу яваад ирсэн. Гэвч Монгол Улсад ирээд хоёр сар орчим байсан тул харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Ойрын хавьтлын гурван хүний сорьцыг шинжилж байна. “Интермед” эмнэлэгт ХӨСҮТ-ээс заавар, зөвлөгөө өгч байна" гэв.