Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх үүрэг, компанийн удирдлагыг томилохтой холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж ирснийг онцлоод гэвч энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсанаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харьяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулж, зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байна. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэж байлаа.
Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажилласан байна. Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчдэд урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсоож Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгалаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур, төрийн захиргааны албан хаагчийг, түүнчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь тухайн компанийн удирдлага мэргэжлийн бус болох, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх чиглэлд зохицуулалтыг тусгасныг Х.Нямбаатар сайд онцолсон.
Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэж, бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа нэр дэвшигчийг захиалагч төрийн болон орон нутгийн өмчит компанид санал болгож болохоор заасан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглохоор тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойллоо. Төрийн өмчийн компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг Улсын Их Хурлаас жил бүрийн төсөвт тусган батална. Тухайн төсвийн жилд баримтлах ногдол ашгийн хувийг болон ногдол ашиг төлөх үүргээс тухайн жилд чөлөөлөгдөх компанийн жагсаалтыг төрийн өмчит компанийн хувьд Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвтэй хамт батлахаар тусгасан гэв.
Уг хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын ажлын үр дүнд суурилсан үнэлгээний механизмыг бүрдүүлж, үнэлгээний шалгуурт бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин, компанийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо, борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн ашиглалт, өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалын зорилтод түвшин зэрэг асуудлыг хамааруулахаар тусгалаа. Үүнээс гадна компани нь дотоод хяналтын тогтолцоотой байх, үүнийг дотоод хяналтын нэгж хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх аудитын хороотой байх шаардлагыг тусгаж, түүний нарийвчилсан зохицуулалтыг оруулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, нийтэд тайлагнах асуудлыг төсөлд дэлгэрэнгүй тусгалаа. Тухайлбал, компанийн хувьцааны төрөл, тоо, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл, сүүлийн 5 жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан, компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, удирдлагын менежментийн гүйцэтгэлийн үнэлгээ, тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааны мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн байдал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаарх мэдээлэл, нийлүүлэгч этгээд, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, явц, байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт, төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан болон бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж гэх зэрэг мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.