Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хэд хэдэн хэрэг хуулийн босго давж байсан. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас Гаалийн ерөнхий газар, Гашуунсухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр болон нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн оффиссын өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн.
Тиймээс уг асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Шалгалт хийсэн нь үнэн. Манай байгууллагаас нэг хүнийг шалгасан. Гэхдээ энэ хүн гурван сарын өмнө ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгаан нь сахилгын ёс зүйн хариуцлага алдсан гэдэг үндэслэл. Тухайн алба хаагч нь дунд шатны буюу гаалийн улсын байцаагчаар ажилладаг байсан. Тэр хүний гэрт нэгжлэг хийсэн гэсэн. Гэхдээ мөнгө төгрөг гараагүй. Энэ хүнтэй холбоотой хэрэг угаасаа шалгагдаж байгаа хэрэг. Яагаад одоо л шалгаж эхэлсэн юм шиг мэдээлсэнд гайхаж байна" гэлээ.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гашуунсухайтын хилийн боомт дахь Хилийн цэрэг болон цагдаа, гаалийн нэр бүхий ажилтнуудын орон гэрт нэгжлэг хийсэн юм. Тэдгээрийн орон гэрээс бэлэн мөнгө илэрсэн гэх мэдээлэл одоогоор алга. Харин Гашуунсухайт дахь нүүрс тээврийн хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөөнөөс эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө гарсан" гэв.