Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд уулыг “зайдагнасан“ “Энигма” эсвэл Богд уулыг чөлөөлөхийг хүссэн ард түмэн хоёрын алиных нь ЭРХ АШИГ ЧУХАЛ ВЭ

Огноо
Унших
7 минут 32 секунд

"Энигма”, “Универсал политехник коллеж”, “Монголын үндэсний их сургууль” гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Ингээд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ-аас аялагчдад зориулж ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Иргэд ч талархан хүлээж авсан. Тиймдээ ч өдөр бүр шахуу "Төрийн амласан цогцолбор хэзээ баригдах бол" гэж Богд уул руу саравчлан хардаг байсан байх гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз ээ. Харамсалтай нь, тус компанийнхан БОАЖЯ-ыг шүүхэд өгч дээрх ажлуудыг гацаасаар өнөөдрийг хүрэв. Тиймээс төрийн зүгээс төмөр нударгаа харуулж өнгөрсөн долоо хоногт дугуй цагаан гэрүүдийг нураасан юм. Үүнийг харсан иргэд алга ташин хүлээж авсан. Учир нь хүсэн хүлээсэн олон жилийн хүлээлт нь биелэгдэх боломжтой болсон учраас тэр. Гэвч...

"Энигма”, “Универсал политехник коллеж”, “Монголын үндэсний их сургууль” нь Богдхан ууланд 40 гаруй га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж ирсэн бөгөөд энэ хугацаанд газар ашигласны төлбөр гэж ямар ч мөнгийг улсын төсөвт оруулж байгааггүйг албаныхан онцолсон байдаг.

Улмаар 2017 онд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Авто зам, замын байгууламжийн ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөж байлаа. Нэг үгээр хэлбэл, НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран эхний 1.2 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн юм. Гэвч газрын маргаан өнөөдрийг хүртэл эцслэгдээгүйгээс болж энэ асуудал хэрэгжиж чадалгүй бараг дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тиймээс хотын зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дугуй цагаан гэрүүдийг албадан буулгаж, төлөвлөсөн ажлаа хийхийг зорьсон. Гэвч ажилчдынх нь эсэргүүцэлтэй нүүр тулаад буй. Бүр УИХ-ын зарим гишүүд хүртэл дээрх газрын "эзэд" гэх компаниудын эрх ашгийг хамгаалсан үгийг Төрийн ордноос шидэж эхлээд байна. Яг эндээс л төр их сонин. Газар бол төрийн нийтийн өмч гэж хуульдаа заасан хэрнээ үндсэн өмч болох газраа ашиглаж, ард түмэндээ хэрэгцээт байдлаар зарцуулах болохоор эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй нэгнийгээ ямар ч аргаар хамаагүй хамгаалах гэж зүтгэдэг. Ийм технологи дугуй цагаан гэр нураасан үйл явдлын эргэн тойронд өрнөөд байна.

2017 оны хавар БОАЖЯ-наас 300-гаад машины зогсоол барихаар шийдвэр гаргаж, Зайсангийн аманд 42 га газар эзэмшиж байсан “Энигма” компаниас гурван га газрыг нь төрийн мэдэлд авахаар болсон. Зөвхөн зогсоол бариад зогсохгүй бие засах газрыг ч хийж байгуулахаар болсон. Гэвч “Энигма” гэдэг компанийнхан эсэргүүцэж, МҮИС-ийн оюутнуудыг лоозон бариулан яамны гадаа зогсоож байсныг ч санаж байгаа байх. Оюутнуудад зориулсан бүтээн байгуулалт хийх гэж байгаа газрыг төр дээрэмдэх гэж байна гэсэн утгатай мэдэгдэл хийж, тус компанийнхан дайрч байв. Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөхөд нурж унах гэсэн хэдэн шавар гэр, байшин нь хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй. Төр дайн хийх шахаж байж гуравхан га газар салгаж авч, 264 машины зогсоол барьсан. Одоо барьсан хоёр зогсоол нь хаанаа ч хүрэлцэхгүй, иргэд бухимдсан хэвээрээ л.

2017 тавдугаар сард БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал “Энигма” гэдэг компани 2004 онд газар ашиглах эрх авсан юм билээ. Газар ашиглах эрх авахдаа ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Түүнээс хойш талбайгаа нэмээд, дундуур нь хуваагаад яваад байж. Хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан асуудал ч байсан.

Газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт бий. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан байгаа юм. Газрын албанаас бидэнд дүгнэлт ирүүлсэн. Хэрэв хуулийн дагуу төлсөн бол гурван тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх байсан гэж. Манай яамны зүгээс Нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн. Ингэхэд энэ компани бүх талаараа тэнцэхээргүй дүгнэлт гарсан. Жишээ нь, газрын албанд төлөх ёстой татвараа төлөөгүй байсан нь илэрсэн. Манай яамны талаар гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа "Энигма" компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн ярьж байж. Гэвч түүнээс хойш өөрчлөгдсөн зүйл бараг л алга. Төр “Энигма” компанийхны тавьсан ханыг очиж мөргөсөөр. Одоо болтол улсад төлөх ёстой байсан гурван тэрбум төгрөгөөс ганцыг нь ч төлөөгүй гэдгийг БОАЖЯ-ны төлөөлөл хэвлэлд мэдээлж байлаа.

Ингээд БОАЖ-ын сайдын 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай А/355 тушаалаар МҮИС-ийн 10, 15.5 “Универсиал” политехник коллежийн 12.7, нийт 38 га газрын зөвшөөрлийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, анх газар олгосон тушаалыг хүчингүй болгосон. Энэ компанид газар олгосон нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж, тушаалыг нь хүчингүй болгосон юм. Нэг үгээр хэлбэл, төр газраа бүрэн өөрийнх болгосон.

Энэ утгаараа газар чөлөөлөх албан даалгаврийг газар эзэмшиж байсан компаниудад хүргүүлээд бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл ямар нэг хариу үзүүлсэнгүй. Тиймээс л төр төмөр нүүрээ харуулж, дугуй цагаан гэрүүдийг нураав.

Гэхдээ төр төмөр нүүрээ харуулсан учир нь ард түмний ялангуяа нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хийсэн алхам.

Ямартай ч хотын зүгээс Богдхан ууланд тав тухтай байдлаар аялаж, зугаалах эхлэлийн шанг татуулачихлаа. Харин Богд уулыг зайдагнасан "Энигма" компани хуульд захирагдаж, хууль биелүүлэх үлдлээ.

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.