МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хурлаар гурван асуудлыг авч хэлэлцлээ. Нэгд, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн тодорхой шийдэлд хүрсэн. Хоёрт, коронавирусний халдвартай холбоотой бие даасан хууль байх нь зүйтэй гэж үзсэн. Гуравт, бусад асуудал. Үүнд ноолуур, тарианы , ЖДҮ-ийг дэмжих, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлууд багтлаа. Хаврын чуулган эхлээд 14 хонож байна. ҮХНӨ-ийн дараа чуулж байгаагаараа онцлог. ҮХНӨ-тэй холбоотойгоор 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль гээд нийт арав орчим хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-УИХ-аас өгсөн даалгаврын дагуу нэг удаа хэрэгжих хуулийн төслийг бэлтгэн, өргөн барилаа. Энэхүү хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу хорио цээрийн дүрэм цуцлагдах тэр өдөр хүртэл хүчинтэй. Шинээр эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл бүрдсэн.Цар тахлын үед авах арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага тодорхой боллоо. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд холбогдох шийдвэрийг шуурхай гаргах зэрэг зохион байгуулалтын асуудлыг засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэх зохицуулалтыг хийсэн. Ингэснээр Засгийн газарт санхүүгийн болоод зохион байгуулалтын үйл ажиллагааны онцгой эрхүүд олгогдоно. Хариуцлагын асуудлыг чангатгаж байгаа. Халдварт өвчинтэй холбоотойгоор Эрүүгийн болон зөрчлийн хуулийн зүйл заалтыг чангатгасан. Санаатайгаар өвчин тараах, зүй ёсны шаардлага биелүүлэхгүй оргон зугтах зэрэг асуудлууд бусад улс оронд гарсан. Иймд халдвар санаатай тархаавал ял эдлүүлэх заалтыг хуульд тусгаж өглөө.