Тус Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсад 1972 оноос хойш агнахыг хуулиар хориглосон нэн ховор цоохор ирвэсийг хууль бусаар агнан, бусдад зарж борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлэн холбогдох шалгалтыг ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэн Т гэгч нь 2019 оны 03 дугаар сард Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс уг цоохор ирвэсийг агнаж, арьсыг нь элдэж боловсруулан улмаар бусдад худалдан борлуулах зорилгоор авч явж байсан нь тогтоогдоод байна.
Цоохор ирвэсийг 2000 онд Монгол Улсын Амьтны аймгийн тухай хуулиар нэн ховор зэрэглэлд оруулж нөхөн төлбөрийг эр /гэнд/ нь 22,4 сая төгрөг, эм /гинс/ 26,0 сая төгрөгөөр тогтоосон ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 700-1200 орчим тоо толгой тоологдоод байна.
Цаашид цагдаагийн газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, хууль бусаар ан, агнуур агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулж байна.Байгаль ан, амьтнаа хайрлан, хамгаалахыг нийт иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар