Түлхүүр мэдээлэл:
- Шинэ төрлийн коронавирусний халдвар аваад эдгэсэн хүний цусны сийвэнг шинээр өвчилсөн хүнд эмчилгээний зориулалтаар ашиглах нь үр дүнтэй байж болзошгүй.
- Коронавирусний халдвар авах үед хүний дархлааны систем нь эсрэг биетийг үүсгэдэг бөгөөд тэр нь вирустай идэвхтэй тэмцдэг байна.
- Энэ аргыг өмнө нь Испани ханиад болон Эбола, Сарс вирусний үед ашиглаж, туршиж байжээ.
Их Британи улс Ковид-19 тусаад эдгэсэн хүмүүсийн цусыг шинээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд ашиглахаар зорьж байгаа аж. Учир нь вирусний халдвар авсны дараа тухайн хүний дархлааны систем нь эсрэг биет үүсгэж, вирустэй тэмцэж эхэлдэг байна. Тиймээс Британийн цус сэлбэх төв нь эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг ашигласнаар халдвар авсан өвчтөнүүд илүү хурдан эдгэж, амьд үлдэх боломж нэмэгдэнэ хэмээн үзэж, судалж байна.
NHS төвөөс гадна Их Британийн хэд хэдэн бүлэг хүмүүс цусны сийвэнг ашиглах уг аргыг судалж байгаа аж. Тухайлбал, Кардифф дахь Уэльсийн их сургуулийн эмнэлэг (UHW) энэхүү технологийг туршиж үзэхийг хүсч байгаагаа энэ долоо хоногт зарласан байна.
Харин АНУ-ын хувьд үүнийг судлах томоохон төслийг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд үүнд 1500 гаруй эмнэлгийг хамруулжээ.Тэд ердөө гурван долоо хоногийн дотор үндэсний хэмжээний төсөл зохион байгуулж, өнөөг хүртэл 600 орчим өвчтөнийг эмчилсэн байна. Энэ ажлыг удирдан явуулж буй Майо клиникийн профессор Майкл Жойнер:
“Цусны сийвэнгийн аргыг хэрэглэсэн эхний долоо хоногт ямар нэг аюултай хариу үйлдэл, гаж нөлөө илрээгүй. Энэ эмчилгээг хэрэглэсэн өвчтөнүүдийн хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж, эерэг үр дүн гарч байгаа” гэжээ. Мөн тэрээр “Бидэнд сийвэнгийн талаар мэддэггүй, ойлгодоггүй зүйл маш их байгаа. Тиймээс түүний бүрэлдэхүүн хэсэг, эсрэг биеийн түвшин болон бусад хүчин зүйлсийн талаар хэдэн долоо хоног үргэлжлүүлэн судлах хэрэгтэй болно” хэмээн тодотгосон байна.
Эх сурвалж: CNN
Х.Үүрийнтуяа