Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын Ерөнхий прокуророор прокурорыг томилно гэдгийг Монгол Улсын иргэнийг болгон өөрчилсөн нь шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, Ерөнхий прокурорын байгууллагад улстөрчид томилогдох боломж бүрдэж байгаа юм.
Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Хүн биш Хууль засагладаг” шинэтгэлийн бодлого цаашид ч тууштай хэрэгжих учиртай!. Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг сулруулах шинжтэй ноцтой асуудлыг хөнджээ. Уг хуулийн төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хувь хүн биш Хууль засаглах” шинэтгэлийн бодлогод харшилж байна. Хуулийн засаглалын шинэтгэлийн бодлогоос ухарсан хуулийн төслөө хууль санаачлагч татан авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Түүнээс гадна олон хуульчид уг зүйл заалтыг эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр "Д.Дорлигжав гэж хүнтэй холбоотой олон асуудал яригддаг. Тэр хүн бизнес эрхлэгчдийг дарамталж олон сая ам.долларын хахууль авсан гэж яригддаг. Би энэ талаар олон удаа ярьсан даа. Шалгадаггүй. Энэ бол прокурорын байгууллага улстөрчөөс хараат болсны л гай. Өөрөөр хэлбэл, 2017 оны нэмэлт өөрчлөлтөөс өмнө Ерөнхий прокуророос энгийн иргэн байж болно гэдэг заалттай байсан. Тэр дагуу улстөрийн намын дарга байсан Д.Дорлигжав гэж хүн Ерөнхий прокурор болсон. Угтаа бол шүүн таслах ажиллагаа хараат бус байх ёстой. Гэтэл прокурор нь улстөрөөс хараат болчихоор хараат бус байх үүргээ гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Би үүнийг олон удаа хэлсэн" гэлээ.