Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬЧИЙН БАРИМТ: Өнчирч үлдсэн хүүхдүүд эд хөрөнгө орон байраа ойр дотныхондоо АЛДАЖ, асрамжийн газарт ҮЛДЭЖ байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
10 минут 16 секунд

Нэгхэн сарын өмнө зам тээврийн ослын улмаас 3-14 насны дөрвөн хүүхэд эцэг, эхийгээ алдаж, бүтэн өнчирч үлдсэн юм. Эцэг, эхийг нь нас барсны дараа хүүхдүүд хаана, хэнтэй, хэрхэн амьдрах бэ гэдэг асуудал сөхөгдсөн. Яг энэ үед талийгаач залуус бизнесийн болон орон сууцны, автомашины зээлтэй байсан нь ил болсноор өр зээлийг нь хэн төлөх бэ гэдэг асуудал дэгдэв. Асуудлыг шийдэхийн тулд нэг бол бүх хөрөнгийг зараад зээлийг нь төлөх, эс бөгөөс зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл төлөх.

Харамсалтай нь өнчирч үлдсэн хүүхдүүдийг асран хамгаалагчаар тогтоогдсон эмээ нь нас өндөр гарсан, дээр нь санхүүгийн чадамжгүй нэгэн.

Тиймдээ ч хүүхдүүдийн өв залгамжлалын асуудлаар хуульчдад хандаж, туслалцаа эрж байгаагаа бидэнд уламжилсан юм. Энэ кэйсийн хувьд өнчирч үлдсэн хүүхдүүдийг эмээгийнхээ асрамжинд үлдсэн. Нас дээр гарсан эмээ нь зээ нараа чадлаараа өсгөнө гэж амалсан. Энэ бол сайн хэрэг.

Гэвч мах, цусны тасархай нь байтал харь элгийн хүнээс ч хатуу сэтгэл өвөрлөж, эд хөрөнгийг нь зарж үрээд эцэст нь өнчирч үлдсэн хүүхдүүдийг нэг бол гудамжинд, үгүй бол асрамжийн газарт хаядаг жишээ захаас аваад байна.

Ийм атал хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд ямар ч алхам хийлгүй өнөөдрийг хүрээд байна.


Тиймээс энэ удаагийнхаа "Хөндөх сэдэв" булангаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг өмгөөлөгч, хуульч М.Хажидмаатай хамтарч бэлтгэлээ.

ЖИЧ: Дор дурдагдах хэргүүд дээр өмгөөлөгч М.Хажидмаа өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр судалгаа хийж байна. Энэ утгаараа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, гаднаас ирэх дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүдийн мэдээллийг нууцласан болно.

КЭЙС-1: Хамаатнууд нь хоёр өрөө байрыг нь "булаасан" хэрэг

Улаанбаатар хотоос 300 орчим км-ийн зайтай газарт байрлах асрах газарт хийсэн ярилцлага.

Охин ээж, аавынхаа хамт аз жаргалтай амьдарч байсан. Гэвч нэг л өглөө ээж, аав нь ослоор өөд болсноор хамаатнууд нь гэрт нь нүүж ирсэн. Тэд хэсэг хугацаанд хамт амьдарсан ч шинэ хүнтэй болсон. Байранд нь багтаж шингэх боломжгүй болсон. Байнга эргэж тойрч байх болно гээд охиныг асрах газарт хүргэж өгсөн байна.

Хамаатнууд нь эхний нэг жил шахуу тогтмол эргэж ирдэг байв.

Гэвч цаг хугацаа явсаар ирэх нь улам цөөрөв. Эл үйлдлийнх нь араас асрах газрынхан чих тавьж, ирж уулзахыг сануулсан байна. Мөн охины өв залгамжлалын орон сууцны асуудлыг хөндөж ярихад "Талийгаачдыг нас барснаас хойш ипотекийн зээлийг төлж ирсэн. Их хэмжээний мөнгө орсон. Тэгээд ч эрх шилжүүлэх гэрээнд миний нэр орсон" гэх зэргээр хоёр өрөө орон сууцыг нь шилжүүлж өгөөгүй" гэсэн юм. Асрах газрын ажилтнуудын хэлснээр энэ мэт байдал цөөнгүй удаа гарч байсныг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ.

КЭЙС-2: Аав нь хүүгээ асрамжийн газарт хаяж, өөрөө хөрөнгөө аваад алга болсон хэрэг

Хүүгийн аав харааны бэрхшээлтэй, ээж нь нас барсан. Уг нь тэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байсан. Дахин төлөвлөлтөөр газар нь үнэд хүрсэн. Тэр үед аав нь газрыг нь зараад мөнгийг нь өөрөө авсан.

Харин хүүдээ асрах газар гэдэг "бэлэг" өгсөн.

Аав нь одоо болтол холбогдоогүй. Эл хэргээс болж дээрх хүү хууль ёсоор эзэмших ёстой байсан 50 хувийн хөрөнгөө аавдаа алдсан. Хэргийн араас мөн л судалгаа хийж байгаа.


КЭЙС-3: Эзэмших гэрчилгээтэй байсан газрыг нь бусдын нэр дээр шилжүүлсэн хэрэг


Ээжийнх нь нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаа, байшин байсан. Ээж нь нас барсны дараа охиныг эмээ асрамжиндаа авсан. Гэтэл газрын эзэмших эрхийн гэрчилгээ дууссан гэдэг шалтгаанаар газрыг нь өөр хүмүүс нэр дээрээ шилжүүлээд авчихсан байсан.

Эмээ нь аргаа бараад нэг сая төгрөг авсан гэх.

Ингээд охиныг асрамжийн газарт өгсөн. Өмгөөлөгч судалгаа хийж үзэхэд эмээ нь нэг сая төгрөгийг нь эргүүлж өгөөд газраа буцааж авсан гэх мэдээлэл бий. Гэвч эмээ нь хаана байгаа нь тогтоогдоогүй.

КЭЙС-4: Зайсан дахь газрыг нь 3 өрөө байраар солиод өөрийн нэр дээр шилжүүлсэн хэрэг


Зайсан толгойд эзэмшлийн газартай нэгэн гэр бүл байсан. Гэтэл гэр бүлийн хосууд ослоор өнгөрсний дараа нагаж эгч нь өнчирч үлдсэн охиныг асрамжиндаа авсан. Зайсангийн аманд орон сууц баригдаж эхэлснээс хойш тэр хавийн газар үнэд орж эхэлсэн байна.

Улмаар барилгын нэгэн компани охины газрыг гурван өрөө байр болон нэлээд олон зуун сая төгрөгөөр худалдаж авах санал тавьсан.

Уг саналыг нагац эгч нь хүлээж авсан. Ингээд асран хамгаалагчаар тогтоогдсон нагац эгч нь орон сууцыг өөрийн дээрээ шилжүүлэн авч, мөнгийг нь үрсэн. Охин одоо асрамжийн газарт байгаа. Асрамжийн газрын зүгээс эл хэрэг дээр ажиллах өмгөөлөгч хайх үедээ М.Хажидмаа өмгөөлөгчтэй холбогдсон.

Энэ бол Монгол Улсад өмгөөллийн эрх авсан өмгөөлөгч дундаас зөвхөн ганцханд хандсан хэргийн хохирогчид.

Үүний цаана хэчнээн мянган хүүхэд өв залгамжлах эрхээ асран хамгаалагч гэх шуналтай этгээдүүдэд алдсан нь тодорхойгүй. Тодорхойгүй гэдэг учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь насанд хүрээгүй, санхүү бусдаас хараат хүүхдүүд байдаг учир гэмт этгээдүүдийн олз амархан болдог байна.

Түүнчлэн ийм хэргийг өмгөөлөхөд маш олон хүндрэл бэрхшээл хуульчдад тулгамддаг байна.

Үүнд, түрүүн хэлсэнчлэн хохирсон хүүхдүүд санхүүгийн боломжгүй учир хэргийн араас хөөцөлдөхөд санхүүгийн хүндрэл тулгардаг. Мөн эд хөрөнгийг нь завшсан хамаатнууд нь хүүхдүүдийг эргээд дарамтлах, хөрөнгийг нь буцааж өгнө, эсвэл хамт сайхан амьдарна гэж хууран мэхэлдэг. Хүүхэд итгээд гомдлоо татангуут буцаагаад "гудамжинд" хөөж гаргадаг гэдгийг хуульчид онцолсон. Харин өмгөөлөгч М.Хажидмаагийн хэлснээр "Өнчирч үлдсэн хүүхдийг асран хамгаалагчаар тогтоогдсон этгээдүүд эрхээ хэтрүүлэн хэрэглэдэг.

Өөрөөр хэлбэл, хүүхдэд өвлөгдсөн эд хөрөнгийн бүртгэлд асран хамгаалагчаар тогтоогдсон этгээдийн нэр хамт бичигддэг. Энэ нь хүүхэд хөрөнгөө алдах эрсдлийг бий болгодог. Энэ асуудалд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Яг үнэндээ зарим хуульчид 100 хувь сэтгэл зүрхээ зориулж, ийм хэрэг дээр ажилладаг. Төрөөс дэмжлэг үзүүлдэг бол олон мянган хүүхдийн эрхийг хамгаалах боломжтой болно" гэдгийг онцолсон юм.

Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос яг энэ асуудлаар зөвлөмж гаргаж, холбогдох бүхий л төрийн байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.

Хэрвээ ХЭҮК-ийн эл алхам төрийн эрх баригчдын чихэнд хүрч, анхаарлыг нь татаж чадах аваас хууль ёсны эд хөрөнгөө асран хамгаалагч гэх шуналтнуудад алдаж, өөрсдөө асрамжийн газарт "хадагдсан" олон зуун хүүхдийн ирээдүй гэрэлтэй болох замын эхлэл тавигдах юм. Тиймээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг сэтгүүлч хийгээд, төрийн болон төрийн бус байгууллага, хуульч өмгөөлөгч нарт хандаж, ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ЦААШИД ӨӨГШҮҮЛЭХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ өмгөөлөгч М.Хажидмаатай нэгдэхийг уриалж байна.

Ташрамд дурдахад, нүүдлийн соёлтой монгол түмэн эртнээс өв залгамжлалын асуудалд хайнга хандаж ирсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл, эцгийн өв хөрөнгө эхнэр, хүүхдэд нь эс бөгөөс гуравдагч этгээд буюу аав, ээж, ах дүү гэсэн хувилбараар аман хэлбэрээр өвлөгдөж ирсэн түүхтэй. Гэхдээ ардчиллын салхи сэвэлзсэн цагаас эл асуудлыг хуульчилсан. Гэвч Иргэний тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд хэдхэн зүйл заалтаар зааж оруулсан нь асран хамгаалагч нэрийн дорхи шунахай этгээдүүдийн өмнө хүчгүйдэх шалтгаан болоод буй юм.

Тиймээс л уг асуудлыг бие даасан хуулиар эс бөгөөс хууль хоорондын үйлчлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, дагаж мөрдөх журмуудыг чангатгаж, хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудыг улам хариуцлагажуулах нь чухал юм.

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.