Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаярыг АТГ-аас баривчилж, улмаар нэг сар цагдан хорьсон билээ. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулга зөвлөхдөө Хөгжлийн банкнаас зээл авахад нь тусласан. Харин Ц.Ууганбаяр нь суллагдангуутаа түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл гарсан юм. Ямартай ч Ц.Ууганбаяр Хөгжлийн банкнаас 50 сая долларын зээл авсан нь үнэн. Зээлээ төлөхгүй луу унжсан нь ч үнэн.
Гагцхүү тэрхүү 50 сая доллар хэний гараар дамжиж, хаашаа оров.
Хөгжлийн банк яагаад Дээд шүүхэд гомдол гаргахаас татгалзсан бэ гэдгээс энэ бүх хэрэг мандсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өөрийн гараар бүхэн эрхийг нь түдгэлзүүлж, бас томилж байсан нэр бүхий 17 шүүгчээс зургаа нь энэ хэрэг дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан нь анхаарал ихэд татаж байна. Тиймээс хэрэг хэрхэн өрнөсөн талаар бид танд баримттай мэдээлье.
ХЭРЭГ ИНГЭЖ МАНДЖЭЭ
Ц.Ууганбаяр Хөгжлийн банкнаас зээл авч "Шинэ Яармаг" хорооллыг барих хүртэлх процесс маш ээдрээтэй, бас төвөгтэй.
“Хөгжлийн банк” болон "ТОСК" ТӨҮГ хооронд 2015 оны тавдугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулснаар “Шинэ Яармаг” төслийг "Хөгжлийн банк" санхүүжүүлэхээр болжээ. Гэхдээ БНХАУ-ын "Экспорт-Импорт" банкнаас "Шинэ Яармаг" төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан байх ёстой гэдэг шаардлагыг "Хөгжлийн банк"-ны зүгээс тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятадын талын зээл бүтэхгүй бол дээрх гэрээг цуцалж, 50 сая ам.долларыг Хөгжлийн банк шууд татах эрхтэй гэсэн үг.
Ингээд ТОСК-ийн бүх хөрөнгө болон Морингийн даваан дахь 50 га газар мөн Ц.Ууганбаярын "Юнайтэд прожект групп" компанийн бүх хувьцааг нэхэмжлэх эрхийг Хөгжлийн банкинд барьцаалжээ. Улмаар хятадын талаас санхүүжилт орж иртэл "Худалдаа хөгжлийн банк"-ны дансанд нь 24 сая 850 мянга доллар, харин "Голомт" банкны дансанд нь 25 сая ам.долларыг зургаан сарын хугацаатай байршуулан битүүмжилсэн байна.
Ц.Ууганбаяр ингэж мөнгөтэй болсон. Цаг хугацаа явсаар. Гэтэл хятадын тал зээл олгох эсэх нь тодорхойгүй байсаар....
Яг энэ үед Ц.Ууганбаяр тэргүүтэй хүмүүс нэгэн мэргэн ухаан сийлсэн нь "Хөгжлийн банк"-ны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах.
50 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ИНГЭЖ "АЛГА" БОЛГОХ СҮПЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
Яг энэ дагуу нь ч "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон "ТОСК"-ийн Ерөнхий захирал А.Гантулга нарын Удирдах зөвлөлөөс гэрээнд дараах өөрчлөлтийг тусгасан байдаг. Үүнд барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зээлийн хугацаа, зээл авах эрх олгох зэргийг.
Өөрөөр хэлбэл, энэхүү өөрчлөлтөөр Ц.Ууганбаяр нь "Шинэ Яармаг" хороолол төслийн 21 үл хөдлөхийг Хөгжлийн банкинд нэмж барьцаалсан байгаа юм.
Харин үүнийхээ хариуд "Худалдаа хөгжлийн банк" болон "Голомт" банкинд битүүмжилсэн 50 сая долларыг тус банкуудад барьцаалж зээл авах боломжтой болжээ.
Ингээд "Худалдаа хөгжлийн банк"-наас 21.8 сая доллар, харин "Голомт" банкнаас 17 тэрбум төгрөгийг авахдаа дээрх 50 сая доллар, дээр нь нэмээд "Хөгжлийн банк"-инд өмнө барьцаалсан хөрөнгөө мөн л давхар барьцаалж баталгаа гаргаж өгчээ.
Цаг хугацаа явсаар 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр ирэв. Энэ тоо их учиртай.
Ц.УУГАНБАЯРЫН 21 ҮЛ ХӨДЛӨХИЙГ БАРЬЦААНААС МУЛТАЛСАН ШҮҮХ
Учир нь Хятадын талаас "Шинэ Яармаг" төсөлд санхүүжилт олгох эцсийн шийдвэр гаргаагүй учир "Хөгжлийн банк"-наас олгосон 50 сая ам.доллараа буцаан татахаар банкуудад мэдэгдэл хүргүүлэв. Гэтэл "Худалдаа хөгжлийн банк"-наас "ТОСК-оос шилжүүлсэн нийт 24 сая 850 мянга ам.долларыг барьцаалж, "Нью Яармаг Хаусинг Прожект" компани зээлийн гэрээ байгуулсан. Улмаар Ц.Ууганбаяр нь 21.8 сая ам.долларыг зээлсэн. Зээлээ төлөөгүй учир нь бид олгосон зээл, зээлийн хүүгээ танай 24.8 сая ам.доллараас суутгаж авсан. Үлдэгдэл мөнгийг шилжүүллээ" гэх утгатай албан бичиг илгээв.
Харин "Голомт" банкны зүгээс мөн л "Нью Яармаг Хаусинг Прожект" компанитай байгуулсан гэрээний дагуу 25 сая ам.доллар нь барьцаалагдсан байна. Тиймээс энэ мөнгийг бүхэлд нь шилжүүлэх боломжгүй. Бид өөрсдийн зээлсэн 17 тэрбум төгрөг болон зээлийн хүүг суутгаж, үлдэгдэл мөнгийг шилжүүлэх боломжтой" гэж.
Эндээс л "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэгч болж, Хөгжлийн банк өөрсдийн үзэглэсэн гэрээний өөрчлөлтийнхөө шанг хатуухан хүртэв.
Хамгийн хачирхалтай нь, Хөгжлийн банк "дагздуулсан" хэрнээ шүүхэд хандсангүй. Харин Ц.Ууганбаяр өөрийн "Нью Яармаг Хаусинг Прожект" компаниар дамжуулан 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ Хөгжлийн банк хариуцагчаар татагдсан бол ТОСК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Хөгжлийн банкны байр суурийг хамгаалах үүднээс шүүхэд дуудагджээ.
"Нью Яармаг Хаусинг Прожект" компанийн зүгээс шүүхэд дараах зүйлийг нэхэмжилсэн байна.
1. Хууль бусаар татан авсан 7,293,084 доллар буюу тухайн үеийн ханшаар 17.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хууль бусаар татан авсан. Энэ зээлийн хүүг хүчингүй болгуулж, буцаан олгуулах.
2. Анх байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, тухайн үед нэмэлтээр барьцаанд тавьсан "Шинэ Яармаг" хорооллын 21 ширхэг үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлөх.
3. Гэрээ анх үзэглэсэн өдрийн ханшаар гүйцэтгэх нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэл гаргажээ.
Эдгээр гурван нэхэмжлэлийн хоёрыг нь хэрэгсэхгүй болгож харин Хөгжлийн банкинд барьцаалсан "Шинэ Яармаг" хорооллын 21 үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргасан юм. "Нью Яармаг Хаусинг Прожект" компани энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймдээ нийт зургаан удаа шүүхэдсэний эцэст Дээд шүүхийн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Ингэж л Ц.Ууганбаяр Хөгжлийн банкинд барьцаалсан 21 үл хөдлөхөө барьцаанаас мулталсан түүхтэй.
АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ДАГАСАН ДУУЛИАНЫ ЭЗДЭЭР ТОДОРСОН
ШҮҮГЧ НАР ЯМАР УЧИРТАЙ ВЭ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Асгатын мөнгөний ордыг төрд бцаан авсан гэж мэдэгдэж байсныг та санаж буй байх. Дуулианыг гардан хэрэгжүүлэгч нь тухайн үеийн ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд.
Үүний дараа Асгатын мөнгөний ордны хахуулийн хэрэгт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ-т дуудуулж байлаа. Тэгвэл эдгээр шүүгчдээс УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, П.Золзаяа болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг нар Ц.Ууганбаярын 50 сая долларын маргаан болон “Шинэ Яармаг” хорооллын 21 үл хөдлөхийг чөлөөллүүлэх шүүх хуралд шүүгчээр ажиллажээ. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэдгээрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс өмнөх үйл явдал гэдгийг ЭНД ТОДОТГОЖ ХЭЛЬЕ.
Өөрөөр хэлбэл, Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект" компанийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нийт зургаан удаагийн шүүх хурлыг дараах байдлаар шийдвэрлэжээ.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭНИЙГ ХАМГААЛЖ, ДЭЭД ШҮҮХЭЭС "ЗУГТАВ"
Эл хэргийн дараа "Хөгжлийн банк"-ныхан хохирлоо барагдуулахаар ТОСК-ийг шүүхэд дуудсан байдаг. Шүүхийн процессийн явцад “Нью Яармаг Хаусинг Прожект” компани зээлдэгчийн хувиар мөн л хариуцагчаар татагдсан байна.
Шүүхийн маргаан үргэлжилсээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Төрийн орон сууцны корпорацийг 50 сая долларын зээлийн хүү болон шимтгэл болох 24,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлөх.
Харин “Нью Яармаг Хаусинг Прожект” компанийг зээлийн үлдэгдэл болох 61 тэрбумыг төлөхийг даалгаж, 18 тэрбум төгрөгийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг гаргах шүүх хуралд Асгатын мөнгөний ордны авлигын хэргээр шалгагдаж байсан шүүгч Д.Дэлгэрцэцэг шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан байгаа юм. Магад эндээс л, бүрэн эрхээ сэргээлгэсэн шүүгч нар Х.Баттулгад хариу барьсан юм биш байгаа гэж хардсанаа нуух юун.
Нэг үгээр хэлбэл, шүүхийн уг шийдвэрээр Хөгжлийн банк амаараа шороо үмхсэн байгаа юм.
Тэгсэн атлаа Дээд шүүхэд хандсангүй. Бүр зээлийн хүү, шимтгэлийг “Нью Яармаг Хаусинг Прожект” компани төлөх ёстой гэж байсан ТОСК хүртэл Дээд шүүхэд гомдол гаргасангүй.
Харин Ц.Ууганбаяр буюу “Нью Яармаг Хаусинг Прожект” компани Дээд шүүхэд гомдол гаргажээ. Гэхдээ энэ гомдлоо 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр буцаан татсан байдаг. Үүний шалтгаан нь “Нью Яармаг Хаусинг Прожект” компани Дээд шүүхэд гомдол гаргах үеэр Ц.Ууганбаярыг АТГ-аас баривчилж, улмаар нэг сар цагдан хорьсонтой холбоотой гэж хардахаар.
Хэргийг хөөж үзвэл, ийм байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутай гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг нь хаaгаад байсан. Гэвч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, мөн шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан түүнийг дахин баривчилж, цагдан хориод байгаа.
Харин түүний орыг залгамжилсан Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон нэр бүхий дөрвөн гишүүнээр тодроод байна.
Түүгээр зогсохгүй тэрбээр "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ТОСК-иас хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаж байсан. Гэвч шүүхээс ТОСК 24,6 тэрбум төгрөгийг өр төлөх, Хөгжлийн банкны 18 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан. Гэсэн атал Хөгжлийн банк яагаад ч юм бэ, Дээд шүүхэд хандаж, гомдол гаргаагүй.
Эндээс л ТҮҮНД ЭРГЭЛЗЭХ сэдлийг төрүүлж буй юм.
Хөгжлийн банкнаас гадна ТОСК нь давж заалдах шатны шүүхэд ялагдаж, 24.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэл төлөхөөр болсон. Гэсэн атлаа дээд шүүхэд хандаагүй нь мөн л анхаарал татаж байна. Тиймээс энэ талаар ТОСК-ийн шинэ захирал н.Батжаргалаас тодруулахыг хүссэн юм. Тэрбээр тодруулга яриа өгнө гэж цаг товлосон ч яаралтай хуралд дуудагдсан гээд манай сурвалжлах багтай уулзсангүй.
Харин түүний өмнөөс ТОСК-ийн төслийн хэлтсийн дарга н.Мандахнаран дараах тайлбарыг өгсөн юм.Тэрбээр "АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн.
Эрүүгийн болон иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэрэг дээр ямар нэг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм. Хэргийн араас нэхэж үзэхэд ийм байна. Ямартай ч ТОСК-ийн зүгээс “Нью Яармаг Хаусинг Прожект” компанийн өмнөөс 24.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэл төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймдээ ч тун удахгүй шүүхэд нэхэмлэл гаргана гэх мэдээлэл байна. Энэ сайн мэдээ.
Гэхдээ хэрэг болоод өдий олон жил өнгөрч байхад хохирлоо яагаад нөхөн төлүүлэх арга хэмжээ авсангүй.
Тэр дундаа "Хөгжлийн банк", "ТОСК" яагаад Дээд шүүхэд хандаагүй, яагаад Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөв. Эндээс л энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Тэд яагаад шүүхэд хандсангүй вэ. Хэнийг хамгаалах гэв. Ц.Ууганбаяр хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болж, ялыг нь үүрч сууна уу. Эдгээр асуултын хариултыг АТГ, прокуророос эцэслэж, буруутныг шүүхийн босго давуулна гэж найдая.
Г.Нацаг-Эрдэнэ