Хачгийн идэвхтэй үе эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон Богд уул, Найрамдал зуслан, Гүнтийн зулсанд хийсэн судалгаагаар ойн хачиг илрээгүй байна. Харин бэлчээрийн бор хачгийн өвчлөл нийслэлийн зургаан дүүрэгт бүртгэгджээ. Иймд хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.
Иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх;
- Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;
- Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэх;
- Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
- Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
- Хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
- Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах;
- Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ.