-Хятадууд Монголын уул уурхайд эзэн сууж, газар шороог минь ухаж, махны бизнесийг атгачихлаа. Энэ нь чамд таалагдаж байна уу?
-Үгүй ээ. Дүргүй хүрч байна.
-Орос-Украины асуудал яг л үүнтэй ижил. Үгэнд орохгүй байна гэж Оросууд уурласан. Украинчууд боссон. Тэд бидэн шиг аймхай улс биш. Тэд эх оронч хүмүүс.
-Та Украинд сурч байсныхаа хувиар тэднийг өмөөрч байгаа юм уу?
-Өмөөрөх ч гэж дээ. Чи залуу болохоор мөчид харж байна. Оросууд бидэнд тусласан нь үнэн. Гэхдээ тусласныхаа орыг хэд дахин нугалаад авчихсан тооцоотой улс. Даанч тэрийг нь залуу үеийнхэн мэдэхгүй. Мардай гэж мэдэх үү?
-Мэднэ.
-Мардайгаас вагон, вагоноор нь уран зөөсөн. Бүхэл бүтэн 17 жил шүү. Тэр олон жил зөөсөн ураны өчүүхэн жижиг хэсэг Францын жилийн хэрэгцээг хангана гээд бод доо. Би уул уурхайн салбарын хүн. Үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Манжийн дарлалаас биднийг аварч, аж үйлдвэржилтийн замналд оруулж, Монгол орныг хөл дээр нь босгосон нь үнэн. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Оросууд бидэнд өгч чадсан шиг ээ, авч чадсан. "Украинчууд үгэнд орохгүй байна" гээд дайрсан. Биднийг ч гэсэн тэгвэл яах вэ...
.... Ийн ярих энэ хүнийг Ж.Даваа гэдэг. Улстөржсөн яриа барагтай бол амнаасаа унагадаггүй.
Гэвч Орос-Украины асуудал дээр яасан ч өөрийн байр сууриа хамгаалахын төлөө зүтгэнэ.
Учир нь тэр дөрвөн жил Украинд амьдарч, суралцсан.
Тэр хэрээрээ Украин ард түмний жаргал, зовлонг зах зухаас нь гадарлах болсон. Цаг хугацааг ухрааваас, социализмын үед хатуу дектатуртайг хэлэх үү. Хар бор ажилчны хүүхэд гадагшаа сургуульд явах нь тэнгэрийн од шүүрэхтэй адил байв. Харин түүнд Украины их сургууль биш техникумийн хуваар оногдсон.
Гэхдээ тэр голоогүй.
Учир нь уул уурхайн салбарт эргэлт буцалтгүй шунасан байсан учраас тэр. Тэгээд л эх орноосоо мордсон. Нэг..., хоёр..., гурван жил. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөв. Төгсөх курс... Төгсөлтийн баяр болоход хэдхэн хоног үлдсэн тэр үед л түүний амьдралыг тэр зүйл өөр тийш нь эргүүлчихсэн. Энэ нь тухайн үеийн дарга нар, ялангуяа цагдаа, цэргийн хурандаа нарын хүүхдүүд Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд суралцаж, төгсөөд цагдаагийн хурган дарга болдог байсан үе.
Гэтэл НАХ-ын сургуулийн төгсөх курсын дөрвөн оюутан Ж.Даваагийн сургуулийн хөвгүүдийг дээрэмдэх гэв.
Залуу ч байж, омголон ч байж.
Дээрэлхэж, дээрэмдэх гэсэн үеийн дөрвөн нөхрийг найзынхаа хамт зодчихов. Ингэж л дарга нарын хүүхдүүдийг зодсон хэргээр сургуулиасаа хөөгдөв. Хөөгдсөн гэдгээ гэрийхэндээ хэлж чадсангүй. Гурван сар хэртэй Орос нутгаар тэнэсний эцэст Хэнтий аймагтаа очиж. Хэрэг тарьсан хүнийг магтаж, сайшаагаад угтана гэж юу байх вэ. Аавын суран тэлээ угтах нь дамжиггүй.
Гэлээ гээд одооны хүүхдүүд шиг гарч гүйж, элдэв ааш аяг гаргасангүй. Шууд л ажилд оров. Нэг жил хэртэй жолоо мушгисны эцэст цэрэгт явахаар шийдснээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хуваарилагдав. Цэрэг бол цэрэг. Гадаадад суралцсан, даргын жолоо байсан, орос хэлтэй эсэх нь падлийгүй. Гурван жилээс нэг жилийг нь дэгэнд өнгөрүүлж, хоёр дахь жилээс штабын захирагчийн жолоочоор дэвшив.
Халагдлаа. Дахиад л лааз өшиглөх хэрэг гарав. Бодлоо.
Бор-Өндөрийн уурхай. Тухайн үедээ Монголдоо цор ганц анхдагч гэгддэг байсан гүний уурхай. Ингээд дарга нартай нь уулзав. Украинд уул уурхайн чиглэлээр суралцсан гэдгийг батлах диплом байхгүй ч тархинд нь мэдлэг бий. Тэгж л анх уурхайн нэвтрүүлэгчээр ажилд оржээ. 17 жил өнгөрөв. Тэр мастер инженер болсон. Шанд нь уушги нь "шохойжсон".
Ингээд л групп тогтоолгов. Энэ талаар тэрбээр "Гүний уурхай бол хамгийн хүнд ажлын талбарт тооцогддог. Газрын дээрх тоос, тоосонцорын молекулын бүтэц нь бөөрөнхий хэлбэртэй байдаг. Ханилгаж, найтаахад гадагшлах боломжтой гэсэн үг. Гэтэл газрын гүнд уурхайчид "хиймэл" агаараар амьсгалдаг. Агаарын молекул нь өргөстэй юм шиг хэлбэртэй. Уушги руу ороод өргөс шиг шигддэг.
Үүнээс нь болж гүний уурхайд ажилладаг залуусын уушги "чулууждаг".
Миний нэг уушги муу ажиллагаатай болсон учир групп тогтоолгож, гүний уурхай руу дахиж нэвтрээгүй. Дараа нь хэд хэдэн уул уурхайн компанид өрөмдлөгийн мастераар ажилласан. Даанч монголчууд нэгнээ муриад дуусдаг юм билээ. Нэрийг нь хэлээд яах вэ. Нэг компанид ажилд орлоо. "Чи бол манай гол хүн" гээд гурван өрөө байраар шагналаа гэнэ шүү. Би ч хөөрөөд ажиллана биз дээ. Ажиллаад л байсан. Гэтэл хоёр жилийн дараа "Гурван өрөө байр өгч чадахгүй нь. Хоёр өрөө болголоо" гэхээр нь "За" л гэлээ.
Тэгсээр 10 гаруй жил ажилласан. Байр ч үгүй, нас ч үгүй болсон доо. Тэгээд л гарсан.
Дараа нь дахиад нэг компанид орсон. Ховдын өрөмдлөгийн ажлыг нь аваад хоёрхон сарын дотор хяналтын нийлсэн 10 худаг ухаж байлаа. Ашиг нь 380 сая төгрөг. Гэтэл надад хоёр сая төгрөг өгөөд үлдэгдэл хоёр сая төгрөгийг нь өгөхгүй мурьсан гээд бод доо. Уур хүрээд ажлыг нь хаяад гарсан. Дараа сонсох нь ээ, шинэ хүн авсан. Гэтэл нөгөөх нь тоног төхөөрөмжийг нь эвдэлж ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн. Одоо яая гэх вэ дээ. Цалингаа өгөх журмаараа өгөөд явсан бол юу гэж ийм юм болох вэ дээ" хэмээн ярьсан юм.
-Таны хамаатнууд дунд гүний уурхайд ажилладаг хүн бий юү?
-Хамаатнууд уу... Найз нөхдийн хүүхдүүдийн дунд ч бий.
-Тэдэнд "Амны хаалт зүүж байгаарай" гэж та хэлсэн удаатай юу?
-Хэлээд яах юм. Чи бод доо. Гүний уурхай ямар бүгчим байдаг гэж бодож байна. Ялангуяа Бор-Өндөрийн уурхай. Тийм орчинд амны хаалт зүүчихээд ажил хийх үү. Тэрэн шиг худлаа зүйл байхгүй.
-Бор-Өндөрийн уурхай Оюутолгойгоос жижиг болоод тэр үү, бүгчим юм билээ. Гэхдээ эрүүл мэндийнхээ төлөө зүүх ёстой биз дээ?
-Чи орж үзсэн юм уу.
-Хоёуланд нь орж үзсэн.
-Тийм байх нь. Чи тэгээд зүүж байсан уу.
-Үгүй.
-Тэр чинь л байхгүй юу. Уурхайн гүн рүү ороход "Амны хаалт зүү" гэдэг л юм. Гэхдээ яг зүүж харагдаач. Хэн ч зүүхгүй. Дарга нар мэддэг хэрнээ тоодог ч үгүй. Оюутолгойн хувьд манайхаас хэд дахин том. Энэ утгаараа агаарын солбилцол арай илүү.
-Та мотоспортоор хичээллэдэг байх аа?
-Одоо ч бараг больсон доо. Хүүхдүүд уурлаад байх юм.
-Та хэдэн наснаасаа хичээллэсэн юм бэ?
-17-доо анх мотоцикл унаж байлаа. Чехийн мотоцикл ид мода болж байсан үе. Гэхдээ зургаан сар хичээллээд л Украин явсан. Дараа нь цэргээс халагдсаныхаа дараа буцаж хичээллэсэн. Одоо бодох нь ээ, яах гэж тэгж улайрч хичээллэдэг байв аа гэж харамсдаг.
-Яагаад. Харин ч гоё юм биш үү. Адерналин ялгараад?
-Тэр ч тийм. Гэхдээ надад хугараагүй яс гэж бараг үлдээгүй. Тэмцээний үеэр осолдоно. Хуруу, гар хугарах юу ч биш. Хугарсан үеийг "хөлдөөгөөд" гэх юм уу даа. Тусгай эд байдаг юм. Тэрийг хэрэглэвэл хугарсан үе огт өвдөхгүй. Тэгээд л уралдана. Уралдаан дууслаа. Гар, хөлөөс эхлээд өвдөхгүй газар гэж байхгүй. Одоо бодохоор айх шиг болдог.
-Тэр үед тиймэрхүү уралдаан хэр олон болдог байсан юм бэ?
-Зөндөө, зөндөө. Гачуурт, Богинын ам гээд олон газарт мотоциклийн тэмцээн болдог байсан.
-Дараа нь УАЗ-469 машинаар уралддаг болсон гэл үү?
-Тэр үү. Намайг байраар шагнана гээд мурьсан компани байна аа. Тэр компани надад УАЗ-469 авч өгсөн юм. Тэрүүгээр нь нэлээд олон жил уралдсан. Тэргүүн байр авч байгаагүй ч айргийн тавд байнга ордог байлаа. Даанч нас ахиад, дээр нь хүүхдүүд уурлаад больсон.
-Хүүхдүүдээс тань уралдах хоббитон байна уу?
-Байсан. Хүү маань нэг удаа уралдмаар байна гэж дуугарсан. Гэтэл ээж нь "Нэг гэрт нэг л тэнэг байхад хангалттай шүү" гэсэн. Манай гэрт ээж бол хамаг том атаман шүү дээ. Үгнээс нь гарвал тэгээд л өнгөрөө гэсэн үг.
-Та одоо ажил хийж байгаа юу?
-Салхитын мөнгөний ордод өнгөрсөн жил өрөмдлөгийн мастераар ажилласан. "Удахгүй уурхайн ажил эхэлнэ. Ирээч" гэж дуудсан.
-Очих уу?
-Би уурхайн хүн. Салбараасаа хаа холдох вэ дээ.
-Салхитын мөнгөний уурхай гэснээс З.Энхболд тусгайгийнхантай очиж төрийн хамгаалалтад авч байгаа сүр дуулиантай бичлэг цацагдсаны дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг энэ ордоос орж ирэх ашгаар төлөх шийдвэр гаргасан. Уурхайн нөөц хэр үлдсэн гэж та бодож байна вэ?
-Миний бодлоор нийт нөөцийн 70 гаруй хувийг хятад руу гаргасан. Одоо 25 орчим хувь нь үлдсэн байх.
-Үүнийг хэр хугацаанд олборлох боломжтой вэ?
-Эрчимтэй олборловол үсрээд л гурван жил. Ер нь бол 120 метрийн өргөнтэй хүдрийн биет байсан гэж үздэг.
-Энэ нь хэр их хэмжээ гэсэн үг вэ?
-Маш их. 120 метр гэдэгт ганц хүдэр биш алт, зэс, мөнгө гээд маш олон элемэнт агуулагдана шүү дээ. Даанч тэр их юмны өрмийг нь хятад руу гаргачихсан. Бидэнд хусам нь үлдэх шив. Харамсалтай.
-Гэхдээ л төр, түмний өмч болсон.
-Тийм. Гэхдээ... Жаахан эрт төрд авсан бол эдийн засагт ямар их нэмэр болох байсан бол. Дээр нь ийм их баялагаа бүрэн хэмжээнд боловсруулж экспортлодог бол ямар гоё бэ. Даанч түүхийгээр нь шахуу хил давуулж байна. Энэ л миний сэтгэлийг эмзэглүүлдэг.
Тэр ингэж хэлээд санааширсан. Ж.Даваа удахгүй Салхитын мөнгөний орд руу явна. Ордоос орж ирэх ашигаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад тэр хэмжээний дэмжлэг өгсөн. Энэ бол төр нь өмчөө хамгаалж чадвал өгөөж нь ард түмэнд ирдгийн тод илрэл. Тиймдээ ч төр алдагдсан өмчийнхөө араас нэхсээр яваа.
Эрэл үргэлжилсээр... Ж.Даваагийн санаашрал эцэслэнэ гэж найдая.