106 настай Коннье Тичен Английн Бирмингем хотын эмнэлэгт гурван долоо хоног эмчлүүлэн эдгэжээ. Зургийн эх сурвалж: CNN
Түлхүүр мэдээлэл:
- Их Британи улсад Ковид-19-өөр өвчилсөн 106 настай иргэн бүрэн эдгэжээ.
- Тэрээр 3 долоо хоног эмчлүүлсний дараа эдгэрсэн байна.
- Өмнө нь тус улсад 96 настай хүн уг халдвараар өвчлөөд эдгэж байжээ.
Коронавирусний цар тахлын төв болоод буй Их британи улсад нэгэн гайхамшигтай зүйл болжээ. Энэ нь Их британийн 106 настай иргэн Коннье Тичен коронавирусний халдвараас бүрэн эдгэрсэн явдал юм.
Тэрээр уг өвчний халдвараас эдгэсэн хамгийн өндөр настай хүн бөгөөд өмнө нь Их Британи улсад 90 настай эмэгтэй эдгэж байсан юм.
Бирмингем хотын эрүүл мэндийн газраас мэдээлэхдээ “Коннье Английн Бирмингем хотын эмнэлэгт гурван долоо хоног эмчлүүлсний дараагаар Ковид-19 халдвараас бүрэн салж чадлаа.Тэр бол манай хотод эдгэрсэн хамгийн өндөр настай хүн төдийгүй улсын хэмжээнд ч дээд үзүүлэлт болсон байхыг үгүйсгэхгүй” хэмээжээ.
Харин энэ талаар эмчлүүлэгч өөрөө:
“Би энэ вирустэй тэмцэж, ялан гарсандаа маш их баяртай байна. Хурдхан шиг л гэр бүлийхэнтэйгээ уулзмаар байна.” гэжээ. Харин түүнийг эмчилж байсан сувилагч Кэлли Смит “Энэ үнэхээр итгэмээргүй гайхалтай явдал болсон. Бид бүхэн түүнийг хуучин хэвэнд нь бүрэн оруулахын тулд цаашид чадах бүхнээ хийж ажиллаж мөн асрах болно.” гэсэн байна.
Дэвсгэр мэдээлэл: Дэлхий даяар аюулт цар тахлаар 2 сая гаруй хүн өвчилж, 134.000 гаруй хүн нас бараад байна. Харин Их Британи улсад 100.000 гаруй хүн өвчилж 13.000 гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: CNN