Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн талаар мэдээллийг танилцуулжээ. Тэрбээр "Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн байдаг. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн орчим газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй байсан. Сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь хамгийн гол асуудал болж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь "Петрочайна Дачин Тамсаг" компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцоо гаргасан байсан.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх асуудлыг Монголын талаас удаа дараа тавьж байсан. Тухайн үед Ашигт малтмалын газраас хоёр ч ажлын хэсэг байгуулж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй.
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар "Петрочайна Дачин Тамсаг" компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах мөн газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад орон нутаг дэмжиж ажиллах асуудлыг ярилаа" гэлээ.