Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Улмаар нөхцөл байдал, учирч болох бүхий л эрсдэлийг өргөн хүрээнд харсан, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий оновчтой хууль гаргах нь ард иргэдийн эрүүл мэнд болоод улс орны аюулгүй байдалд нэн чухал хэмээн үзэж, тухайн хуулийн төсөлд заавал тусгавал зохих зарим саналуудыг хүргүүлж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
1. 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгах.
Цар тахлын уршгаар экспортын орлого буурах, уул уурхайн орлого буурах, НӨАТ-ын орлого буурах, навигацийн орлого буурах, газрын тосноос олох орлого буурах зэргээр эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, цаашид дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдэлийг даван туулах хөрөнгийг нэн даруй бүрдүүлэх, цар тахлын хүндрэлтэй үед хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах зэрэг арга хэмжээг авч иргэдийнхээ ахуй амьдралын хүндрэл, аж ахуйн нэгж, компаниудын эрсдэл, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.
2. Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах.
3. Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах.
4. Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгах.
Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улс орон даяар нийгмийн бүх салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, дэг журмыг сахиулах, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, боловсрол, нийтлэг үйлчилгээг тасралтгүй хүргэх чухал хариуцлагатай үүргийг төрийн үйлчилгээний албан хаагчид хүлээн ажиллаж байна.
Тиймээс тэдгээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий /ипотек/ зээл олгох хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.
Энэ нь цар тахлын болзошгүй эрсдэлийн үед ажиллах хүний нөөцөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, барилгын салбарыг бүрэн дампуурахаас сэргийлэх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг тусгах зэрэг саналуудыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хүргүүллээ.