Түлхүүр мэдээлэл:
- Өмнөд Африкт хөл хорио тогтоосонтой холбогдуулан арслангууд зам дээр тайван нойрсох болжээ.
- Тэдний гэрэл зургийг байгаль хамгаалагч эр дарсан байна.
- Өмнө нь арслангууд машин зам дээр ил гарах дүр зураг зөвхөн шөнийн цагаар ховорхон харагдах үзэгдэл байжээ.
Өмнөд Африкийн Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс үзэгдэхээ больсныг анзаарсан арслангууд боломжийг ашиглаж эхэлжээ. Паркын байгаль хамгаалагч Ричард Саури лхагва гаригт эргүүлээр явж байхдаа байнгын жуулчдын хөлд дарагдсан байдаг паркад арслангууд зам дээр амар тайван унтаж байхыг харсан байна.
Крюгер нь бусад амьтны хүрээлэнгүүдийн адил гуравдугаар сарын 25-наас хөл хорионд орж, хаалгаа барьжээ. Түүнээс хойш зөвхөн байгаль хамгаалагчдад л шөнийн цагаар үзэгддэг байсан арслангууд ийнхүү зам дээр ил унтаж байжээ.
Зургийг хэрхэн дарсан бэ?
Зам дээр унтаж буй арслангуудын зургийг хөл хорионы үеэр амьтдыг харж, хулгайн анчдаас хамгаалах үүрэгтэй байгаль хамгаалагч ноён Саури даржээ. Тэрээр Орпены амралтын баазын ойролцоо явж байхдаа нойрсож буй арслангуудын зургийг ердөө 5 метрийн зайнаас машин дотроосоо гар утсаараа авсан байна.
Саури “Арслангууд машинтай хүмүүс хараад дасчихсан. Харин ихэнх амьтад явган хүнээс илүү айдаг. Тиймээс хэрвээ би явган явж байсан бол тэд намайг өөрсдөд нь ойртохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан болов уу” хэмээн хэлсэн байна.
Х.Үүрийнтуяа
Эх сурвалж: BBC