Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай манай улсын иргэншлээс татгалзаж, Азербайжаны бөх болсон гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн юм. Тэгвэл уг асуудлаар Олимпын мөнгөн медальт Саид Моллайтай манай сэтгүүлч Б.Амарбаясгалан ярилцсаныг хүргэж байна.
-Сайн байна уу?
-Сайн байна уу. Би Саид Моллай байна. Монголын ард түмэнд мэндчилж байна.
-Сайхан зусаж байна уу. Та хаана байгаа вэ?
-Би яг одоо Польш Улсад бэлтгэлийн бааз дээрээ байна. Германаас Будапешт руу явах шаардлагатай болсон. Энд нэг хэсэгтээ бэлтгэлээ хийж байгаад дараа нь Герман руу буцах болно. Түүний дараагаар жүдогийн тэмцээнүүддээ оролцоно.
-Гэр бүл нь сайн уу?
-Сайн байгаа. Ээж, аав болон бусад гэр бүлийнхэнтэйгээ тэр бүр холбогдож чадахгүй л байна. Тэд Иранд байгаа. Гэхдээ өөр найзуудаараа дамжуулан захидал бичиж, ярьж байгаа.
-Та Азербайжан Улсын өмнөөс барилдахаар болсон талаар мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Гэхдээ би Монгол Улсын иргэншилтэй хэвээр байгаа. Би бол Монгол Улсын паспорттой Монголын иргэн Саид Моллай. Азербайжан Улсын өмнөөс барилдах хоёр жилийн гэрээ хийсэн. Ирэх олимп бол миний сүүлийн олимпын наадам байх болно. Би одоо 30 настай. Тиймээс 81кг-д барилддаг Монголын залуу тамирчдад боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. Би тэдэнд боломж олгох ёстой. Би Монгол Улсын иргэн. Ирэх олимпт л Азербайжаны өмнөөс оролцох болно. 2024 онд болох Парисын олимпын дараа би зодог тайлах болно. Зодог тайлсны дараа би дасгалжуулагч болохоор төлөвлөж байна. Монгол Улсад эргэн очоод залуу тамирчдыг дасгалжуулах болно.
-Тэгэхээр та Монгол бөхчүүдийг дасгалжуулах нь тийм үү?
-Мэдээж хэрэг. 2024 оны олимпын дараа шинэ амьдрал, шинэ ажлаа эхлүүлнэ. Энэ бол миний олимпын наадамд оролцох сүүлийн боломж. Миний шинэ ажил бол дасгалжуулагч байх болно. Би Монголын үндэсний шигшээ багт маш олон медаль авч ирэх эрэгтэй, эмэгтэй тамирчдыг дасгалжуулна гэж бодож байна.
-Тэгэхээр та Монголын тамирчдад боломж олгож байна зодог тайлна гэсэн үг үү?
-Тийм.
-Яагаад заавал Азербайжаныг сонгосон юм бэ?
-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга надад Монгол Улсын иргэншил санал болгон паспорт олгосон. Би Монгол Улсын иргэн. Монголын ард түмэнд талархаж явдаг. Монголчууд намайг маш их дэмждэг. Би ч мөн адил сайн үр дүн авч ирсэн гэж боддог. Токио-2020 олимпын дараа би Монголын 81кг жингийн бөхчүүдэд буюу бусдадаа боломж олгох ёстой гэдгийг ойлгосон. Дараагийн олимп бол миний сүүлчийн боломж байх болно гэж би дахин хэлье. Азербайжантай хийсэн гэрээ бол ердөө хоёр жилийн гэрээ.
-Парисын олимпын наадамд барилдаж байна гэж төсөөлье. Та Монгол бөхтэй таарлаа гэж бодъё, та яах бол?
-Мэдэхгүй юм. Барилдааны өмнө л хэн хэнтэй таарсан учраагаа харах боломжтой. Нэгдүгээр байрын бөх гуравдугаар байрын бөхтэй, хоёрдугаар байрынх дөрөвдүгээр байрын бөхтэй барилддаг. Түүнээс өмнө хэн хэнтэй таарсныг мэдэх боломжгүй. Гэхдээ Монголын бөхчүүд надаас залуу гэдгийг би санаж явах хэрэгтэй.
Нэг нь ялж нэг нь ялагддаг. Би Монголын иргэншилтэй. Тиймээс бид нэг баг. Бид жүдогийн гэр бүлийн гишүүд. Бид нэгнээ хүндэтгэх хэрэгтэй. Жүдо бол спорт. Би Монгол Улсын иргэншилтэйгээр гадны орны өмнөөс барилдаж байгаа ч бид нэг нэгнээ хүндлэх хэрэгтэй. Би 30 настай. Би медаль авч магадгүй. Үгүй ч байж магадгүй. Харин Монголын 81 кг-ийн залуу бөхчүүдэд илүү их боломж байгаа. Магадгүй тухайн бөх олимпын наадмаас сайн үр дүнг үзүүлэх байх. Монголчууд надад нэг боломж олгосон. Би боломжийг ашиглан сайн үр дүн авч ирсэн. Энэ бол хамгийн чухал зүйл. Монголчууд үргэлж надад тусалж, дэмжсээр ирсэн.
Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би Монголын иргэн шүү дээ. Миний гадаад төрх монголчуудаас өөр хэдий ч би Монголын иргэн. Би амлаж байна. Би хэзээ ч монголын иргэншлээс татгалзахгүй. Саид Моллай өөр улсын иргэншилтэй болсон талаар маш олон худал мэдээллүүд байна. Намайг Монголын иргэншлээс татгалзсан гэж ярьж байна. Энэ бол худал. Би Монгол Улсын иргэншилтэй хэвээр байгаа. Би бол Монгол Улсын паспорттой Монголын иргэн Саид Моллай.
Би бэлтгэлийн цугларалт болон баяр ёслолуудаар очих болно. Надад Монголд маш олон найз, нөхөд бий. Надад орон сууц ч бий. Гэхдээ байр маань хараахан бэлэн болж, ашиглалтад ороогүй байна. Удахгүй бэлэн болно гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч намайг орон сууцаар шагнасан. Намайг баяр ёслолоор болон бусад үеэр Монголд очиход байр маань бэлэн байх болно гэж найдаж байна.
-Та Монгол Улсын иргэншилтэй гэж хэллээ. Бид өмнө ярилцаж байхад та Германд байсан. Харин одоо Польш Улсад байна. Яагаад Монголдоо байнга оршин сууж болдоггүй юм бэ?
-Өнгөрсөн өвөл би Монголд байсан. Зуны улиралд заримдаа өөр оронд амьдрах шаардлага гардаг. Монголд өвөлжихөд надад бага зэрэг хүндрэл гардаг. Монголын өвөл маш чанга. Би өвлийн улиралд Монголд амьдарч чадахгүй юм билээ. Харин зун бол Монголд байна. Олимпын өмнө ч, дараа ч. Учир нь Монголд бэлтгэх хийхэд тохиромжтой байдаг. Зуны цагт би Монголд бэлтгэлээ хийх болно. Зөвхөн өвөл л хэцүү байдаг. Миний биед хүндрэл учирдаг. Монголын өвөл их хүйтэн шүү дээ. Одоо зун болох гэж байна. Магадгүй нэг сарын дараа би очих болно. Эсвэл сар хагасын дараа. Өвлийн цагт өөр оронд байх болно.
-Хэрвээ та Азербайжаны өмнөөс барилдах гэж байгаа бол тухайн улсын иргэншил танд хэрэгтэй биш гэж үү?
-Үгүй, үгүй. Тухайлбал, Оросын тамирчид, Украин Улсын тамирчид зэрэг маш олон орны тамирчид өөр улсын нэрийн өмнөөс барилддаг шүү дээ. Намайг Иранд байхад Ираны тамирчид Орос, Азербайжан зэрэг орнуудын нэрийн өмнөөс барилддаг байсан. Зөвхөн нэг бичиг баримт, гэрээ байхад л болдог. Иргэншил авах шаардлагагүй. Улс орон бүр нэг хуультай. Instagram, интернетээс хайгаад үзэх хэрэгтэй. Өөр улсын иргэн Монголын өмнөөс барилдахаар болвол уг нь нэг карт авахад л хангалттай. Харин надад Ерөнхийлөгч асан Х.Баттулга иргэншил олгож, боломж олгосон. Бусад орнуудад бол гэрээ хийгээд л тухайн улсын нэрийн өмнөөс барилдах боломжтой. Харин тэмцээнээ өндөрлөсний дараа эргээд эх орондоо очих ёстой. Будапешт, Азербайжан улсуудад би бэлтгэлээ хийж, барилдаж байгаа ч надад заавал иргэншил олгоно гэсэн ойлголт байхгүй. Хэрэв эргэлзэж байгаа бол Монголын иргэний бүртгэлээс намайг хайлгаж болно. Би Монголын иргэн хэвээр байгаа. Паспорт минь ч байна. Монголын хүн бүр намайг иргэншлээ солиогүй талаар үнэн бодит мэдээллийг аваасай гэж хүсэж байна.
-Та медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог мөнгөн урамшууллаа авч байгаа юу?
-Монгол Улсын хуулийн дагуу тэрхүү урамшуулал олгогдож байгаа. Хуулийн дагуу Дэлхийн аваргын медальтнууд, Олимпын наадмын медальтнууд сар бүр урамшуулал хүртдэг. Олимпын наадмын дараа Монголын төрөөс намайг орон сууцаар урамшуулсан. Гэхдээ “Тайгам алтай” гэдэг компанийн барилгын ажил дуусаагүй л байна. Олимпоос хойш л нэг сарын дараа, дараа сард бэлэн болно гэсээр өдий хүрсэн. Долоон сар болоод байхад би байрандаа ороогүй л байна. Уг нь надад маш хурдан бэлэн болно гэж хэлж байсан. Энэ байрыг Монгол Улсын Ерөнхийлөгч надад өгсөн шүү дээ. Энэ бол надад өгсөн бэлэг. Учир нь би Монгол Улсад олимпын медаль авч ирсэн. Энэ компани байрыг маань хурдан бэлэн болгож өгнө гэж найдаж байна. Учир нь би удахгүй бэлтгэлдээ гарна. Монголд амьдрах болно. Азербайжанд ч тэр, Монголд ч тэр би бэлтгэлээ хийсээр байх болно. Намайг очих үед байр маань бэлэн байх хэрэгтэй. Би дахин зочид буудалд байрлаад баймааргүй байна. Би энэ байрыг авахын тулд өөрөөсөө мөнгө төлөөгүй ч энэ сардаа багтаад ашиглалтад орно гэж найдаж байна.
-Та Азербайжан Улсын өмнөөс барилдах хоёр жилийн гэрээ хийсэн. Тийм үү?
-Тийм.
-Азербайжаны өмнөөс барилдах хамгийн ойрын тэмцээн нь хэзээ болох вэ?
-Яг одоогийн байдлаар хуваарь гараагүй байна. Герман талтай хийх гэрээний болон бичиг баримтын асуудлууд дутуу хэвээр байгаа. Одоохондоо миний оролцох тэмцээнүүдийн хуваариуд гарах болоогүй гэж бодож байна. Магадгүй хэдэн сарын дараагаар тодорхой болох байх. Ямар ч тэмцээнд оролцох бэлтгэлтэй байх хэрэгтэй.
-Монголчуудад хэлэх өөр зүйл байна уу?
-Тийм. Монголчууд намайг маш их дэмжиж тусалдаг. Монголчуудад үргэлж талархах болно. Та бүхний дэмжлэгийг хэзээ ч мартахгүй. Би Монгол Улсын иргэн. Үргэлж Монголын иргэн байх болно. Намайг олимпын медаль авсны дараа монголчууд “Сайн уу, Саид Моллай” гэж мэндэлж байсан. Хоёр жилийн дараа би Монголдоо шинэ ажлаа эхлүүлэх болно. Шигшээ багаа дасгалжуулах болно. Ярилцлага өгсөндөө баяртай байна. Маш олон худал мэдээллүүд явж байсан. Хүмүүс одоо бодит үнэнийг ойлгох байх гэж найдаж байна. Монголын бөхчүүдэд боломж олгох хэрэгтэй. Энэ бол миний сүүлийн олимп байх болно. Миний иргэний үнэмлэх одоо ч надад байна. Монголын ард түмэн үнэнийг мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Бүх зүйлд талархал илэрхийлж байна. Надад бэлэглэсэн байр хурдан ашиглалтад ороосой гэж бодож байна. Энэ зун Монголд очоод Зочид буудалд байрлахгүй гэж найдаж байна. Баярлалаа.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа, баяртай.
Ярилцсан Б.Амарбаясгалан