Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Харин орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоожээ.
Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт төвлөрүүлж байгаагүй учир төсөвт ямар нэг хүндрэл үүсэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Бямбацогт нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өмчид суурилсан “Тавантолгой түлш” компани байгуулж, шахмал түлшний өөрийн өртгийг бууруулах, өвлийн улиралд хүчин чадлыг нь тогтвортой байлгах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах арга хэмжээ авч ажилласан. Цаашид нүүрс хэрэглэж байгаа 1700 гаруй нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд, Налайх, Биокомбинатын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахыг зорьж ажиллаж байна гэдгийг хэллээ. Мөн томоохон аймгуудын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвөөс татаас өгч байгаа, үүнийг түшиглээд явах боломжтой, гол нь зуухны стандартыг хангах нь чухал, мөн дөрвөн томоохон аймгийн дулааны цахилгаан станцын янданд утаа шүүлтүүр тавьж байгаа гэдгийг нэмж тодотгов.
Харин “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар хотын баруун бүсэд 13 шугамтай үйлдвэрлэл явуулж өдөрт 3000-3500 тонн шахмал түлш үйлдвэрлэн гэр хорооллын айл өрхүүдэд түгээсэн. Өвлийн улиралд 1200 хүн бүтээгдэхүүнийг борлуулж, үйлдвэрлэл дээр 1500 залуус гурван ээлжээр ажилласан. Одоо зүүн бүсэд 8 шугамтай үйлдвэр баригдаж байгаа гэсэн хариулт өгөв. Үг хэлсэн гишүүд Засгийн газар түүхий нүүрсийг хот руу оруулахгүй, хэрэглэхгүй байх чиглэлээр эрс шийдэмгий, зоригтой шийдвэр гаргаж, бэлтгэлийг сайн хангасны үр дүн гарч байна, энэ өвөл утаа 50 хувиар буурсан гэж үзэж байгаа, мөн энэ хуулийн төсөл нь иргэдийн орлого буурсан хүндрэлтэй энэ үед гэр хорооллын айл өрхийн орлогод зохих нэмэртэй шийдвэр болно гэж харж буйгаа хэлж байв.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.