Золбин нохой олшрохоос сэргийлэх зорилгоор энэ жил 1500 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийж, гэр хорооллын 20 мянга гаруй эзэнтэй нохойг бүртгэлжүүлж вакцин, туулгад хамруулахаар болжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран золбин нохой, муурыг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлууд зохион байгуулж байгаа юм.
Нохой золбирох нь тэжээж буй иргэдийн хариуцлагатай шууд хамааралтай аж. Учир нь иргэд нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавьж байгаа нь хяналтгүй үржилд орох нөхцөлийг үүсгэж, золбин нохойн механик өсөлтийг бий болгосоор байгаа юм. Мөн тэжээсэн нохойноосоо гарсан эм гөлгийг төөрүүлж гудамжинд хаяж байгаа нь золбин нохойн тоо өсөхөд шууд нөлөөлж байна.
Иймд иргэд мал эмнэлгийн газарт хандаж тэжээж байгаа нохойн үржлийг хязгаарлуулах, нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавихгүй байхыг уриалж байна. Хэрэв иргэд энэ үүргээ биелүүлж чадвал хот золбин нохой, муургүй байх боломж байгаа юм байна.