УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон.
Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.
Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монгол руу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.
Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал мененжментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.