Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Тус хуулийн 5.9-д Мөрийтэй тоглоом тоглох гээд заалт байна. Сүүлийн үед цахим орчинд онлайнаар бооцоотой тоглох асуудал маш хурдацтай тархаж байна. Орон байранд тоглохоосоо илүүтэй онлайнаар тоглодог болж байна. Энэ нь хүнийг донтуулж, сэтгэцийн өвчтэй болгож байгаад ДЭМБ онцгой анхаарч байна.
2020 онд цахим тоглоомтой холбоотой 20 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 326 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн үед хэд хэдэн залуучууд амиа хорлосон. Энэ нь цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний мөнгө алдсан гэдэг мэдээ явж байна. Энэ мөрийтэй тоглоом, амиа хорлолтын цаана дахиад хүүхэд өнчрөх, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, тээврийн хэрэгсэл, орон байр, үл хөдлөх хөрөнгөө барьцаалах, гэр бүл сүйрэх зэрэг асуудлууд гарах вий" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 орчим тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна. Кибер цагдаагийн албанд хандаж, гадна талаас хандалт хийлгэдэг сайтуудын нэвтрэлтийг Монгол талаас хаалгасан. Хаалгасан ч хандсаар байна. Агент гээд тусдаа албан тушаал гарч ирсэн. Тэдний Монгол данс руу мөнгө хийхээр цахим мөрийтэй тоглоомын данс нь цэнэглэгддэг. Сүүлдээ агентууд криптовалютаар хүртэл тооцоо хийдэг хил хязгааргүй орчинд мөрийтэй тоглоомтой тэмцэж байна" гэв.