Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2022.05.03/ МИК болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Тэрбээр энэ үеэрээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн зээл олголт удааширсан шалтгааныг судалж, МИК багцлах гээд удаасан уу эсвэл банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгосон юм.