Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсгийг тавдугаар сарын 1-нээс эхлэн олгож эхэлсэн. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, тавдугаар сарын 1-нээс эхлэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ ажил үндсэндээ гурван үе шаттай хийгдэнэ гэж харж байна.
Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар нэгж,, зургаан үйлчилгээний төвөөрөө дамжуулан иргэддээ тоон гарын үсгийг үнэгүй, таван жилийн хугацаатай олгож байна.
Хоёрдугаарт, КИОСК машинаар дамжуулан олгоно. Энэ хоёр ажил маань 100 хувь хийгдсэн байна.
Гуравдугаарт, Энэ тавдугаар сардаа багтаан гар утасны аппликейшн ашиглан “cloud” байдлаар олгох ажлыг хийнэ. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, гар утасны аппликейшн дэрээ тээгч байдлаар тоон гарын үсгийг хэрэглэнэ” гэв.
Сануулахад, Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хүсэлт гаргаснаар авах бөгөөд ингэхдээ өөрт хамгийн ойр байрлах нэгжид хандаж болно. Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэг авах хүсэлтийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй гаргаж болно.
Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажилладаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үздэг байна.