Нийгэм, цаг үеийг байлдан дагуулж, залууст шинэ эриний зөв хандлагыг түгээж буй нэгнийг онцлох “Ubn story” булангийн ээлжит дугаарын зочноор “Тоонот” рекордсын артист O.Z оролцлоо. Түүний бие даасан болон хэд хэдэн хамтарсан уран бүтээлүүд нь олон сонсогчдод хүрсэнээр залуусын хайрлаж хүндэлдэг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтах болсон билээ. Урлагт өөрийн авьяас чадвараа сорьж яваа залуу уран бүтээлчтэй олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Юун түрүүнд ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийг тань O.Z гэх нэрээр нь уншигч үзэгчид маань илүү мэдэх байх. Гэхдээ хувь хүнийхээ талаас өөрийгөө товчхон танилцуулвал?
-Сайн байцгаана уу. Намайг Энхтүвшингийн Золбоо гэдэг. Ирээдүй цогцолбор сургуулийг төгссөн. Унаган Улаанбаатар хотынх.
-Бага нас нь хэрхэн өнгөрсөн талаар яриагаа эхлүүлье. Ер нь урлагт "орж", уран бүтээл туурвих бодол багаас байсан уу?
-Ер нь багын л урлагт сонирхолтой хүүхэд байсан. Сонирхлоо орхилгүй явсаар одоо ажлын минь нэг хэсэг болсон байна. Найзуудтайгаа хамтлаг ч байгуулж, дуу хэрхэн бүтдэг, түүнийг яаж хийдэг вэ гэдэгт суралцсаар ирсэн. Одоо ч өөрийгөө суралцаж яваа гэж боддог. Тухайн үед найз нартайгаа хамтлаг байгуулчихаад, Хонхны баяраараа хип хоп дуу дуулаад багш нартаа загинуулаад тайзнаас бууж байсан хөгжилтэй үе бий. Урлагт дуртай, хайртай байсан үе шүү дээ. Тиймдээ ч арван жилийн хүүхэд байхаасаа дуучин болно гэж боддог л байсан. Гэхдээ оюутан болсны дараа хөгжим гэдэг зүйлээс хөндийрсэн.
Дуу хөгжмийг өөрийнхөө сонирхол, харин одоо өөр мэргэжил сонгох ёстой гэж боддог болсон байсан. Гэхдээ хобби гэж бодож явсан зүйлдээ маш их цаг хугацааг зарцуулдаг байснаа ойлгосон. Нэгэнт сонирхолдоо цаг заваа зарцуулж, орхиж чадахгүй байгаа учраас урлагийн салбар луу оръё гэж шийдэж байсан.
-Тэгэхээр сонирхолдоо үнэнч үлдсэн нь урлагт орох хүч болжээ?
-Тийм ээ. Оюутан байхдаа жилдээ нэгээс хоёр удаа найзуудтайгаа нийлж дуу бичүүлдэг байсан. Тэгж л хоббигоо "дардаг" байсан гэх үү дээ.
-Хамгийн анхны тайз хаана байв?
-2011 онд Open Air-т “Хичээлийн дараа” гэдэг шоу болдог байсан. Тухайн үед хамгийн анх тайзан дээр гарч үзэж байсан. Олон хүнтэй зеритлийн өмнө гарч дуулах тухайн үед бодсоноос ч өөр мэдрэмжийг өөрт өгч байсан. Мэдээж сандрал байлгүй яахав. Тайзан дээр гараад дуулаад ирэхээрээ сандрал нь багасаж байсан. Гэхдээ сандрал нь хүртэл үнэхээр гоё мэдрэмж байсан.
-Уран бүтээлээс гадна үзэл бодол, зорилго маань биднийг нэгтгэдэг учраас "Тоонот"-ынхоны нөхөрлөл бат байж чаддаг-
-Өөрийн тань хувьд "Тоонот" продакшинд харъяалагддаг. Хэзээнээс "Тоонот"-ын артистаар ажиллаж эхэлсэн бэ?
-2018 оноос Тоонот рекордсыг найзууд, дүү, ах нартайгаа байгуулсан. Гурван жилийн хугацаанд "Тоонот" рекордсын артистууд Volume 1,2 хамтарсан цомгийг гаргасан байна.
-Ер нь бие даасан уран бүтээлч байх нөгөөтээгүүр продакшинд харъяалагдан уран бүтээлээ хийх хоёрын хооронд их л ялгаа байгаа байх. Таны хувьд ямар давуу тал байна гэж хардаг вэ?
-Тоонот рекордс нь нэг ёсондоо хөгжмийн компани гэсэн үг. Мэдээж хувь уран бүтээлчийн хувиар бие даан уран бүтээл хийгээд явах боломжтой. Гэхдээ продакшинд харъяалагдана гэдэг нь тухайн уран бүтээлчийн нуруун дээрх ачаанаас дэмнэдэг гэж ч ойлгож болох юм. Бүх зүйл дээр ганцаараа бус баг хамт олонтой ажиллах нь маш том давуу тал гэж ойлгож болно.
-"Тоонот"-ынхоны харилцаа, уур амьсгал нэг тийм дотно юм шиг санагддаг?
-Миний мэдэрсэн хамгийн сайхан уур амьсгалтай газар бол манай "Тоонот" продакшн. Өөр өөрийн гэсэн зан характертай, өвөрмөц хүмүүсээр бүрдсэн газар л даа. Авьяастай залуучууд гэж дүгнэдэг. Инээж наргих, ярилцах үедээ хэнээс ч илүү ах, дүү найз нөхөд байдаг. Ажлаа хийх үедээ зөвхөн ажлаа л хийхэд төвлөрч анхаардаг.
Дан ганц дуулах, уран бүтээл хийхээс гадна үзэл бодол, зорилго, урагшаа хараад хийхээр нэгдсэн зүйлс маань биднийг нэгтгэдэг. Тиймдээ ч бие биетэйгээ ойлголцох нь илүү хялбар. Бидний зорилго, цаашид хийхээр төлөвлөж буй ажил ч адил. Нэгэн цул. Иймээс нөхөрлөл нь ч бат байж чаддаг.
-Ер нь Э.Золбоо хэр нээлттэй хүн бэ?
-Тийм ч нээлттэй төрлийн хүн биш. Найз нөхөд, ойр дотнын хүрээлэлдээ чөлөөтэй байж чаддаг. Танихгүй аль эсвэл анх уулзаж байгаа хүмүүс их зүйл яриад байдаггүй. Мэндлээд л зөрөх төдий.
-Хүнд хүргэхээсээ илүүтэйгээр зөвхөн өөрт таалагддаг, хайрладаг дуу ч байдаг-
-Уран бүтээлийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Дууныхаа үг, ая дээр өөрөө ажилладаг уу?
-Миний хувьд дууныхаа шүлэг, ая зэргийг бүгдийг нь гардаж хийдэг. Хөгжмийн найруулга тал дээр найз маань ажилладаг. Манай продакшны артистууд төлөвлөгөөний дагуу дуунууд дээрээ ажиллаад явдаг. Мэдээж уран бүтээлүүд дундаасаа сонсогчдод илүү хүрэх болов уу гэж бодсон дуугаа дүрсжүүлдэг. Нөгөөтээгүүр өөртөө “зориулж” хийсэн дуу ч байдаг. Хүнд хүргэхээсээ илүүтэйгээр өөрт таалагддаг, хайрладаг дуу ч тусдаа байдаг л даа.
-Тэгвэл таны хувьд "дурлаж" байгаа ямар уран бүтээл байна?
-Ер нь хамгийн сүүлд ажиллаж байгаа дуундаа л дуртай болчихдог юм. Одоогоор цацагдаагүй байгаа дуу бий.
-Дууныхаа үгийг ч өөрөө бичдэг гэлээ. Ер нь ямар үед уран бүтээл дээрээ илүү төвлөрч сууж чаддаг вэ?
-Ихэнхидээ түгжрээд явж байхад л санаа орж ирдэг. Тухай бүрт нь утас дээрээ тэмдэглэж аваад зав гарсан үедээ хардаг. Гэртээ оройн цагаар л төвлөрч суудаг.
-Олон хүнд хүрсэн уран бүтээлүүддээ ихэнхдээ удаан хугацааг зарцуулсан байдаг уу. Зарим артистууд хурдан хугацаанд дуу бүтдэг талаар хэлдэг. Тэгэхээр сэтгэлд хүрсэн дуу гаргахад цаг хугацаа тийм ч их нөлөөлдөг зүйл биш бололтой?
-Хурдан хугацаанд бүтсэн дуунууд сэтгэлд хүрч чаддаг. Хэчнээн нухаад л, хичээсэн ч сэтгэлд хүрсэн уан бүтээл гарна гэж байхгүй л дээ. Тэгэхээр мэдрэмжтэй л холбоотой юм шиг санагддаг. Сэтгэл зүй гоё байх үед илүү мэдрэмжиндээ автаж дуугаа бичиж чаддаг. Мэдрэмжээ дагаад ч юм уу тухайн дуу илүү сэтгэлд хүрч чаддаг. Нухаад л байна гэдэг бол нэг талаараа мэдрэмж нь төрөөгүй, болохгүй байгаа зүйлийг хүчээр гаргах гэж оролдоод байгаатай л адил зүйл.
-Хамтралууд хэрхэн бүтдэг вэ. Өөрийн тань уран бүтээл дунд нэлээдгүй хувь нь хамтралууд байх шиг ажиглагддаг?
-Миний хамтралууд ихэнхдээ "Тоонот"-ын артистуудтай байдаг. Гэхдээ зорьж хамтарч дуу хийхээс илүүтэйгээр илүү нэгнийхээ уран бүтээлийг сонсоод, таалагдвал дууг нь баяжуулах байдлаар хамтардаг.
-Дуулахаасаа илүү клипжүүлэх нь хэцүү гэдэг юм билээ. Таны хувьд?
-Тийм шүү. Ер дуулахаасаа илүү клипжүүлэх нь илүү хэцүү юм шиг санагддаг. Тэр тусмаа дууныхаа утга санааг зөвөөр хүргэхүйц, голыг нь олж хийнэ гэдэг чухал. Дуугаа дуулахад мэдрэмжээрээ шахуу гарчихдаг. Дуу 50 хувь гэж үзэхэд клип 50 хувь. Өөрөөр хэлбэл, дуу , клип нэгэн цогц байж тухайн дуугаа сонсогчдод хүргэнэ гэж боддог.
-Ер нь уран бүтээл тал дээр ч, хувь хүнийхээ тал дээр ямар зарчмыг баримталдаг вэ?
-Аливаад аргацаасан сэтгэлээр хандах дургүй. Жижиг зүйл дээр ч тэр. Аль болох чимхлүүр ажил ч байсан сэтгэл гаргаж, төлөвлөгөөний дагуу дэс дараалалтайгаар ажлаа хийхийг зорьдог.
-Одоо ямар ажил дээр төвлөрч байна?
-Оны өмнөхөн миний цомгийн маань хоолой бичлэгүүдэд орж дууссан. Одоогоор дуу гэхээсээ илүү дүрсжүүлэх ажлууд дээр төвлөрч байгаа. Цацагдаагүй маш олон дуунууд цомогт маань багтсан. Тиймээс дуунуудаа дүрсжүүлэх тал дээр нэлээн сонхирхолтой байгаа гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.