Өнгөрсөн долоо хоногт "Хера Холдинг" группын ерөнхийлөгч Хассуурийн Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотойгоор хэвлэлийн хурал зарлан, АН-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлж 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн нэрсийг жагсаалыг нийтэд ил болгосон билээ.
Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдлээ.
Тэрээр “АН-г харлуулах, гутаах, гүтгэх хандлага байна. Бид байр суурин дээрээ хатуу зогсоно. Намуудын санхүүжилт, гүйцэтгэл, зарцуулалтыг тайлагнах шаардлагыг олон жил тавьж байна. Анх удаа АН санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарласан. Энэ бол хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт бусад улс төрийн намууд санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарлах цаг болсон. Ялангуяа эрх баригч нам санхүүжилтийн эх үүсвэрээ зайлшгүй зарлах ёстой" гэсэн юм.
Мөн тэрээр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсийн нэрийг зарла гэж байгаа тухайд "Аль ч байгууллагад дотоод нууц, дүрэм журам гэж бий. Гаднаас нууц гэж харагдаж байгаа ч дотооддоо санхүүгийн эх үүсвэр ил тод байгаа. Би 2017 онд намын даргын ажил авснаас хойш гурван жил дараалан жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэж байгаа. АН анх удаа Сангийн яаманд тайлангаа хүргүүлж байсан. Хоёр жил хүргүүлж байна. Тайлангаа хүргүүлсэн нэг ч нам байхгүй. Манайд нууж хаасан зүйл байхгүй. Нийгэмд зарлах, зарлахгүй зүйл гэж бий” гэлээ.
Тэрээр нэмж 100 сая төгрөгөөс гадна 400 сая төгрөг нэхсэн талаарх мэдээллийг худал гэдгийг хэлсэн юм.