“Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн, "Хайрхан аялагч" клубийн тамирчин спортын мастер Б.Дэнсмаа нар цомын эздээр шалгарсан байна.
"Монгол экспедишн" компанийн санаачилгаар мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнийг 12 дугаар сарын 7-8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгуулсан юм.
Бямба, ням гарагт зохион байгуулсан тэмцээнийг үзэж, мөсөнд авиралтын сонирхогчдын төрөлд оролцохоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын I,II,III багийн иргэд хүрэлцэн ирсэн байв. Тэд хүйтнийг огтхон ч ажралгүй хүүхдүүдээ дагуулсаар Орхоны хүрхрээнд цэвэр агаарт хөгжилдөн өнжиж, амралтаа ая тухтай өнгөрөөсөн байна.