Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулах туршилтын хөнгөн галт тэрэгний тасалбарын үнэ 700-1200 төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 33 секунд

Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд тавдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд үүний хүрээнд LRT төслийг эхлүүлэх гэж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах төслийн талаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид 1 дүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон.Одоогийн байдлаар 1 дүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан. Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон.

Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. 1 дүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

1 дүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. Туршилтын галт тэрэг зургаан сарын хугацаанд явуулаад 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугамын хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна” гэв.

Мөн "Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан түгжрэлийг бууруулах арга хэмжээг авна. Тулгуурт хөнгөн галт тэрэгний буудал болон зогсоолуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түрээс болон бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар төлөвлөсөн. Тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний таван буудал 700 төгрөг, нэмэлт буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон. Эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэлх тасалбарын үнэ 1200 төгрөг байна. Тасалбарын үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож байхаар урьдчилан тооцоолсон. Галт тэрэг тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явах бөгөөд нэг ээлжид талдаа 600 орчим зорчигч тээвэрлэх боломжтой.

Нийт 15 буудлын 4 буудал нь газраар, 11 нь гүүрэн байна. Хөнгөн галт тэрэгний төсөлтэй хамт нийслэлийн тойрог замуудын төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2.5 жилийн хугацаанд багтаан 1 дүгээр шугамын ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ. Энэ жил депоны барилга угсралт болон хөдлөх бүрэлдэхүүний захиалгаас ажлаа эхэлнэ. Санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирохын тулд Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудал яригдана. Мөн эрчим хүчний хэрэглээнд ачаалал үүсгэх учраас Эрчим хүчний яамтай шийдлийн талаар ярилцаж байна" хэмээлээ.

Маргаашаас Улаанбаатар-Дархан чиглэлд өдрийн цагаар нэмэлт ГАЛТ ТЭРЭГ явна
Маргаашаас Улаанбаатар-Дархан чиглэлд өдрийн цагаар нэмэлт ГАЛТ ТЭРЭГ явна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.