Өнөөдөр Улсын Онцгой комисс 12 цагаас эхлэн хуралдлаа. Хуралдааны шийдвэрийн талаар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Эрээнд байгаа 50 иргэнээ татаж авахаар боллоо. Тухайн иргэд гуравдугаар сарын 25-нд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан ч одоог хүртэл ирж чадаагүй байна. Дөрөвдүгээр сарын 10-нд Өвөр Монгол хилээрээ манай улсын иргэдийг оруулахыг зөвшөөрсөн. Тиймээс маргааш Эрээн-Замын-Үүдийн хилээр тус иргэдээ оруулахаар боллоо. Орж ирэх иргэдийн 26 эмэгтэй, 24 нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар 7800 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор эрсдэлээ маш нарийн тооцож байна. Нэгд, улс орны аюулгүй байдал, нөхцөл боломжоо тооцно. Үүний дараагаас дараагийн нислэгийн хуваарийг гаргана. Бид иргэдээ эх оронд авчрахын төлөө тасралтгүй ажиллана. Байнгын тогтмол нислэг хийж байгаа бүс нутгаас иргэдээ татан авна. Тусгаарлах байрны хүчин чадал, дотоод дахь нөөц, боломжоо тооцоолох нь маш чухал байна. Гадаад байгаа иргэдээс одоогоор 9 хүн халдвар авсан мэдээлэл байна. Биеийн байдал хэвийн байгаа мэдээллийг өгсөн.